“Twitter” хэрэглэгчдийнхээ хувийн чатыг (DM) хянадаг

Технологи / Time Admin
2018 оны 01 сарын 16

Олон нийтийн сүлжээний “Twitter” вэб сайтын ажилтнууд хэрэглэгчдийнхээ “Direct Message” чатад түлхүүр үгсээр дамжуулан тандалт явуулдаг гэж “Project Veritas” байгууллага мэдээлжээ.

Ингэхдээ “Twitter”-ийн ажилтнууд үүнийг төлбөртэй хийж гүйцэтгэдэг бөгөөд таны тухай чатад хэн хэн, юу гэж ярьж байгаа тухай олж мэдэх боломжтой аж. Тухайлбал, “Трамп”, “Америк”, “Терроризм”... гэх мэт үгсээр хайлт хийж, энэ тухай чаталж байгаа хүмүүсийн харилцан текст бичвэрүүдийг олж хардаг байна.

“Project Veritas” байгууллагыг үүсгэн байгуулагч, аюулгүй байдлын мэргэжилтэн Жэймс О’Кийфэ олон нийтэд мэдээлсэн байна. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Рассел Верни “Twitter нь хоёр нүүртэй. Хэрэглэгчдийг улс төрийн хувьд хоорондоо харилцан ярилцах эрх чөлөөнд тандалт хийж байна. Хэрэв, Twitter Засгийн газарт мэдээлэл өгвөл яах вэ. Тийм ээ, өгөх боломжтой. Учир нь та энэ сайтыг ашиглаж байгаа бол тэдний дүрмээр тоглоно гэсэн үг” гэв.

Аюулгүй байдлын шинжээчдийн ярьснаар “Direct Message”-ийг устгасан ч гэсэн тусгай кодоор нь дахин сэргээх эрх нь “Twitter”-т байдаг. Ийм өгөгдлийг хадгалж, цааш дамжуулах ч боломжтой. Тиймээс их хэмжээний мэдээлэл агуулагддаг гэж ойлгож болох аж.

Рассел Верни “Өөрсдийгөө эрх чөлөөний чөлөөт индэр гэж цоллож байгаа хэдий ч цензур тогтоож, хараа хяналтыг бий болгох нь үнэхээр том асуудал” гэжээ. “Project Veritas” нь АНУ-д олон нийтийн сүлжээний сайтуудын нууц ажиллагаануудыг илчилдгээрэ өнгөрсөн оноос алдартай болсон юм.