АРДЧИЛАЛ ХЭРЭГТЭЙ

Нийтлэл / Өглөөний сонин
2018 оны 01 сарын 17

-“Угаасаа феодализм байгуулчихаад, тэр нь болохгүй санагдахаар нь ардчилал хэрэггүй ээ, чанга хатуу гар л хэрэгтэй гэж дэмийрэхээ больцгооё. Бидэнд Ерөнхийлөгчийн засаглал, фашизм, социализм аль нь ч хэрэггүй. Харин жинхэнэ ардчилал хэрэгтэй байна- 

Социализмын үеийн “хүн чанар” ардчилал гарангуут алга болчихсон юм биш, хүний жинхэнэ “мөн чанар” л ардчилал гарангуут илэрсэн хэрэг. Хажуу айлынхаа хөргөгчинд мах тавих, нэгнээ хуурч хулхидах нь арай цөөхөн гэх мэт ахуйн хүрээний ёс зүй соц үед арай дээр байсан. Харамсалтай нь илүү дээд түвшний ёс зүй, жишээ нь авлига авахгүй байх, хувь хүний эрхийг дээдлэх, хуулийн засаглал дээдлэх гэх мэт капиталист нийгмийн ёс зүй соц үед төлөвшөөгүй байлаа. Соц үед бүгд ядуу байсан, баян дарга нар нь ч үнэндээ барууныхны дэргэд ядуудаа орно. Бүгд ядуу учир бүгд л өлөн. Дээрээс нь соц үеийнхэн чөлөөт ардчилсан нийгмийн үнэт зүйл, үзэл санааг ойлгох нь бүү хэл үзэн ядаж төлөвшсөн байв. Академич, эрдэмтэн, бизнесмэн, эмч, цагдаа, улстөрч ялгаагүй бүгд ерөнхийдөө ардчилал бол нэгнээ монжиж, амиа бодож амьдардаг гэсэн ойлголттой шинэ нийгмээ угтсан юм. 

Үүнд хэний ч буруу байхгүй, жам юм. Зөвхөн улсөрчид ч гэлтгүй. “Хүүхэд бүр багадаа гадаад хэл үзэхгүй, эх хэлээ сурах ёстой..” гэж онолддог хэл судлалын академич докторууд нь өөрсдөө ач зээ хүүхдүүдээ хар багаас нь хятад сургуульд сургадаг. Тийм ээ, ардчилал бол амиа бодох. Боловсролын салбар өнөөдөр ингэтлээ доройтсонд амиа хоохойлох үзэлтэй академич, профессорууд их буруутай шүү. Сагсан бөмбөгийн холбооноос эхлээд шинжлэх ухааны академи хүртэл юм бүхэн л хоёр хуваагдчихаад алалдаад байдаг нь соц үеэрээ л байгаагийнх, хуулийн засаглал, нэгнээ хүлээн зөвшөөрөх үзэл төлөвшөөгүй байна.

Зүүн Европын орнууд угаас капиталист замаар хөгжиж байсан учир социализмаас салаад эргээд л капитализмдаа орсон. Харин манай улс феодализмаас шууд социализм руу орсон, социализм нь дуусангуут эргээд л феодализм руугаа оров. Үр дүн нь хэтийдсэн авлига, өргөл барьц, шударга бус байдал, феодал давхарга. Жишээ нь феодалын үед 700 сүм хийд 100 мянган лам байсан бол өдгөө 100 их дээд сургууль 100 мянган оюутантай, адилхан л номтой хүн болохоор зорьж буй, үүнд хэн ч буруугүй нийгэм нь тийм юм. Мунхаг харанхуй нь хэтийдээд эхлэхээр хаа сайгүй хутагт хувилгаад тодроод эхэлнэ, түүнд нь феодал ноёд жийптэйгээ очиж мөргөцгөөнө. 200 гэр бүл гэдэг нь ухаандаа 200 хошуу ноён ч юм уу даа. Хэлбэр нь ардчилал хэмээвч агуулга нь феодализм. Жийп ингэтлээ олон зарагдаж буй нь бид баяных биш, бид ядуугийнх, тэр дундаа феодализмдаа явж буй хэрэг юм. Учир нь ганц жийптэй байхад л Монголд баян хүн шиг харагдаж байна, капитализм хөгжсөн оронд бол жийп приус хоёр ялгаагүй. Авлига ингэтлээ хавтгайрсан нь ардчиллын буруу огт биш, социализмын үлдэгдэл хүмүүжил биднээс гүйцэт салаагүйн буруу. 

Одоогийн нийгмийг харахад бүгдээрээ л нэг гомдоллосон, уурласан, шүүмжилсэн улсууд болж дээ. Бүгдээрээ л Оюутолгойн гэрээний тухай бүтэн мэдлэгтэй, тэр нь ямар мэдлэг юм гэхээр пиншүү Ганбаагийн хэдэн яриа, Монгол коммент нэвтрүүлэг төдий. Дотоодын дайснуудаасаа салах ёстой гэж сүртэй сүртэй юм ярина. Тэр дотоодын дайсан нь хэн юм гэхээр зөвхөн өөрийнх нь дургүй хэдэн улстөрчид байна. Бензиний үнийг төр хатуу тогтоож барих ёстой л гэнэ. 

200 толгой цаазлах ёстой, ер нь цаазын ял сэргээх ёстой л гэнэ. Үндсэрхэг үзэлтнүүд эрүүгийн ертөнцийн зарчмаар ажиллаж төрөө цэвэрлэнэ л гэнэ. Гурван жил цэрэгт явж цэргийн дэглэм байгуулна л гэнэ. Өнөөгийн нийгэм асуудалтай учир засах гэсэн оролдлогууд гарч ирэх нь аргагүй ээ. Гэхдээ бүгд л ардчиллын эсрэг үзэл санаанууд. Өмнөх үеэ зөнд нь орхи, шүүж цаазлах гэж улайрах ч хэрэггүй, тэдний буруу ч биш. Алдсан 100 төгрөгөө нэхэж цагаа барж явахаар ирээдүйд олох 500 төгрөгийнхөө төлөө зүтгэцгээ. Угаасаа феодализм байгуулчихаад, тэр нь болохгүй санагдахаар нь ардчилал хэрэггүй ээ, чанга хатуу гар л хэрэгтэй гэж дэмийрэхээ больцгооё. Бидэнд Ерөнхийлөгчийн засаглал, фашизм, социализм аль нь ч хэрэггүй. Харин жинхэнэ ардчилал хэрэгтэй байна.