БЯЦХАН ЦОХ

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 01 сарын 17

Соёл иргэншил, хөгжил дэвшлийн өлгий болсон Европт шатахуун зарцуулалт цаашлаад эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээр хэт том машин унадаг байлаа. Нөгөөтэйгүүр дундаж амьдралтай хүмүүс тэдгээр халим шиг том машиныг чөлөөтэй худалдаж авах боломжгүй байж. Энэхүү тарчиг үед Канцлер Адольф Гитлер ноён Фердинанд Поршег Кайзерхоф зочид буудалд дуудан жирийн иргэдэд зориулсан машин зохион бүтээхийг хүсэх биш тушаасан гэдэг.

Тодруулбал, 1000 марк буюу мотоциклын үнээр гэр бүлийн 2 хүн, 3 хүүхэдтэйгээ суугаад 100 км-т 7 литрээс бага бензин зарцуулж 100 км/ цаг хүртэл хурдалдаг байх ёстойг тулгасан юм. Энэ мөчөөс шатахуун бага зарцуулдаг, жижиг оврын хэрнээ гэр бүлийн хэрэгцээнд бүрэн нийцсэн, хурд хүчээр бусдаас дутахгүй Volkswagen Beetle автомашины гараа эхэлжээ.

Төд удалгүй барууны ертөнц нацист үзэл суртлын бэлэг тэмдэг Beetle-ээр амьсгалж эхлээд жилдээ 150.000 ширхэгийг үйлдвэрлэж байсан “цох"-ыг 3 жилийн дараа гэхэд 1.5 саяд хүргэх зорилт өмнөө тавьсан юм. 1955 оны наймдугаар сард нэг сая дахь Volkswagen Beetle хэрэглэгчдээ очиж 1978 онд гавьяаныхаа амралтад гарах үед аль хэдийнээ 21 саяд хүрсэн байлаа. Тийм ээ, энэ бол алдар нэрээ цуурайтуулж, хүнд хэцүү үед зовж, зүдэрсэн олон сая хэрэглэгчийн сэтгэл зүрхэнд томоор үлдсэн бяцхан цох Volkswagen Beetle юм.

Эх сурвалж: Зарулем сэтгүүл