“Н.Энхбаяр дарга минь урт наслаг!”

Улс төр / Ц. Анхзул
2018 оны 01 сарын 19

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгэхийг шийдвэрлэх Дээд шүүхийн хуралдаан боллоо.

Хуралд “МАХН-ын даргаар сонгогдсоноо баталгаажуулах” хүсэлт ирүүлсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү дэмжигч гишүүдийн хамт, нөгөө талаас хууль бус гэх хүсэлт ирүүлсэн МАХН-ын гишүүд болох С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамъяан нар оролцлоо. Мөн 30 гаруй ахмад настан Дээд шүүхийн үүдэнд цуглан, хурлын шийдийг хоёр цаг гаруй хугацаанд хүлээв.

Шүүх бүрэлдэхүүн “МАХН-ын шинэ даргыг сонгох хурал, хуралд оролцсон гишүүд нь хууль бус гэх, шинээр сонгогдсон дарга нь хууль бус гэх маргаан нь намын дотоод асуудал. Намын дотоод маргаанд шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргах боломжгүй” гэсэн шийд гаргав.

Ингэснээр МАХН-ын даргаар Н.Энхбаяр хэвээр үлдэж байгаа юм.

Шүүхийн шийдвэр гарах үед хүсэлт гаргасан УИХ-ын гишүүн О.Баасанхүү байсангүй. Харин нөгөө талаас хуралд оролцогчдыг төлөөлөн  Э.Эрдэнэжамъяан хэлэхдээ “О.Баасанхүүг намын гишүүнээс хассан. Арга хэмжээ авах зэрэг дараагийн асуудлыг бид зөвлөлдөн шийдвэрлэнэ” гэсэн юм.

“О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн аваагүй” гэх шүүхийн шийдвэрийг сонссон ахмадууд тэврэлдэн бие биедээ баяр хүргэж, “Одоо Н.Энхбаяр даргатайгаа уулзацгаая. Н.Энхбаяр дарга маань урт наслаг. Шүүх шударга хэвээрээ юм байна” гэлцэж байлаа.