Цаначин дайчдын өрсөлдөөн эхэллээ

Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлт болон Цэрэг, спорт цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Хужирбулан дахь сургалтын төвд энэ сарын 18-24-ний өдрүүдэд явагдах энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 400 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Тэмцээний нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Монголын цанын холбооны Ерөнхийлөгч Д.Хишигжаргал болон БХЯ, ЗХЖШ-ын зарим газар, хэлтсийн дарга нар оролцлоо. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тамирчдад хандаж хэлсэн үгэндээ “Эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, тив, дэлхийн чанартай олон тэмцээнд амжилттай оролцдог тамирчид та бүхний дундаас тодрон гардаг. Нэг талаасаа тэднийг ирлэн хурцалдаг дасгалжуулагчид, нөгөө талаасаа хүчтэй өрсөлдөгчид нь та нөхөд юм шүү” хэмээн тодотгоод тамирчин дайчдад амжилт хүсэв. Харин ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Хоёр жил тутамд явагддаг энэхүү тэмцээндээ идэвх санаачилгатай хандаж, баг тамирчдаа бэлтгэн оролцуулж байгаа нийт ангиудын удирдлагууд, бие бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлье. Ялангуяа, эх орныхоо баруун, зүүн хязгаараас тэмцээндээ оролцохоор зорьж ирсэн баг тамирчдаа харахад сэтгэл хангалуун байна. Тийм ч учраас өмнөх жилүүдтэй харьцуулахад өнөө жилийн тэмцээнд оролцож буй баг тамирчдын тоо харьцангуй нэмэгдэж, тэмцээний цар хүрээг улам тэлж байна” гэв. 

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар Зэвсэгт хүчний 015, 310 дугаар ангиудад ажилласан юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин