Тэмээн аялагч Н.Байгалмаад цагдаагийн алба хаагчид тусалж байна

Энтертайнмент / Time Admin
2018 оны 01 сарын 19

Монголоос Лондон хүртэл гурван жилийн хугацаанд тэмээгээр аялахаар замдаа гараад буй Н.Байгалмаа 1000 дахь км буюу Говь-Алтай аймгийн нутгаар аялалаа үргэлжлүүлж байна. Тэрбээр нийслэлийн Сүхбаатарын талбайгаас аялалаа эхлүүлэхдээ гадаад, дотоодын нийт есөн аялагчийн хамт гарсан ч хамтрагчид нь замын дундаас буцсаар ганцаараа үлдсэн байна. Тиймээс төрсөн дүү Н.Баянмөнх нь Монголын хил хүртэл хамт явахаар аялалд нь нэгдээд байгаа бөгөөд хил гарснаас цааш Н.Байгалмаа ганцаараа аялах аж.

Түүний аялалд Цагдаагийн ерөнхий газраас анхааран тусалж байгаа бөгөөд аймаг аймгаас цагдаагийн алба хаагчид томилогдон хамгаалалтад явж байгаа юм байна.

Өвлийн ид хүйтэн тачигнаж, шөнөдөө -30-41 хэм хүрч байгаа ч жинг өвөл тээдэг ахмадуудынхаа уламжлалыг таслахгүй хэмээн аялалаа үргэлжлүүлсээр байгаа аж. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Гайхамшигтай хүйтэн байна.Үнэндээ тачигнуулж байна доо. -30 аас -41 хооронд хонож байна.

Намайг болон аяллыг минь бодитоор дэмжин ажиллаж буй Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Алтанбаатар найздаа болон Баянхонгор аймгаас Хонгор нутгийн зааг хүртэл 10 хоног хамт аялсан ахлагч Батхуяг болон Говь-Алтайгаас тосон ирсэн дэд ахлагч Төртулга нартаа маш их баярлалаа. ..Төрийн сүлдээ тэргүүндээ залсан Монголын мянга мянган цагдаагийн албан хаагч нартаа эрүүл энхийг хүсье. Би аяллаа нэр төртэйгээр дуусгаж энэ олон хүний итгэлийг хариулах болно. Бие биенээ дэмжиж амьдарвал хүссэн бүхэн ерөөлөөр болно доо” хэмээн бичжээ.