Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 23, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
2018 оны 01 сарын 23


О.Баасанхүү: МАХН-ынхан намайг намаасаа хөөлөө гэж найм дахь удаагаа мэдэгдэж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийгөө МАХН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг нь Дээд шүүх хүлээн аваагүй билээ. Тэгвэл энэ асуудлаар О.Баасанхүү өчигдөр тайлбар хийлээ. Тэрбээр, “Намайг МАХН-ын эгэл жирийн гишүүд даргаараа сонгосон. Намын гишүүдийн санал, шийдвэрийг шүүх байгууллага үнэн, буруу гэж дүгнэдэггүй юм. МАХН-ынхан намайг намаасаа хөөлөө гэж найм дахь удаагаа мэдэгдэж байна. Хэрэв би МАХН-ын гишүүн биш юм бол надад 228 сая төгрөгийг буцаан төлөх ёстой. Учир нь УИХ-д байгаа суудлынхаа тоогоор жил бүр 10 сая төгрөг, гишүүдийн мөнгө болгож 114 сая төгрөгийг МАХН авсан.” хэмээн ярьсан юм. [Time.mn]  

Google translate-ийн монгол хэлнээс орчуулдаг үйлчилгээг шүүмжлэв

Google translate-ийн монгол хэлнээс орчуулдаг үйлчилгээ ажиллахгүй байгаа талаар diplomat.com мэдээлжээ. Тус сайтад Кардиффын их сургуулийн олон улсын улс төр судлалын профессор Сергей Радченко монголчуудыг ийм утгагүй үсгийн цуглуулгаар ярьдаггүй нь ойлгомжтой талаар бичээд “Монгол хэл бол уран яруу, арвин үгсийн сантай, эртнээс уламжлалтай ардын аман зохиолын баялаг өв сантай ард түмэн. Монголоос зайтай амьдардаг хэдий ч би ч,  хүүхдүүд маань ч монголоор ярьдаг" хэмээн бичжээ. [Gogo.mn]

Өвлийн олимпын бамбарыг Монгол хүн анх удаагаа буухиаллаа

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон өвлийн олимп тун удахгүй эхлэх гэж байна. БНСУ-д болох “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпын наадмын бамбар Өмнөд Солонгосын хотуудаар аялсаар байна. Хоёрдугаар сарын есөнд нээлтээ хийх өвлийн олимпын бамбар буухиалах арга хэмжээнд оролцсон “Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан өвлийн олимпын бамбарыг буухиалсан анхны Монгол хүн болжээ. [Medee.mn]

Сарын сүүлийн 10 хоногт хүйтний эрч эрс чангарч, -50 хэм давна

Нэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт хүйтний эрч эрс чангарч, -50 хэм давна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байх ажээ. [News.mn]

Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр ёкозүна Какүрюү М.Ананд нутгийн дүү Аравашийг давснаар тэргүүлэгчийн байр сууриа хадгалав. Түүний хувьд унаагүй башёг ганцаараа өнгөлж байна. Какүрюүгийн араас Точиношин нэг унаатай ойрхон нэхэж байгаа юм. [Eagle.mn]