Дэлхийд анх удаа 512GB багтаамжтай “microSD” карт худалдаанд гарна

Технологи / Time Admin
2018 оны 01 сарын 23

“SanDisk” компани өнгөрсөн онд 400GB багтаамжтай “microSD” картыг гаргаж дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй ч их багтаамжтай картны амжилтыг тогтоосон юм.

Тэгвэл ирэх сард Их Британийн “Integral Memory” компани 512GB багтаамжтай “microSD” карт олон нийтийн хүртээл болгохоо зарлалаа. Уг карт ямар үнэтэй худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өмнөх нь 400GB хэмжээтэй “microSD” карт 250 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байв.

400GB багтаамжтай карт нь дроноор 4к нягтралтай 360 хэмтэй бүтэн 1 өдрийн бичлэгийг хадгалах боломжтой. Минутанд 1200 зургийг хуулах чадвартай. 40 цагийн Full HD бичлэгийг хадгална. Харин “Integral Memory” компанийн 512GB багтаамжтай “microSD” карт нь энэ бүхнээс илүү байх нь мэдээж гэж технологийн вэб сайтуудад бичжээ. Үүнийг хумсны чинээтэй ч зөөврийн компьютерийн санах ой гэж тодорхойлж болох аж.