ТЭДНИЙ ХАРЦ ЮУГ ҮГҮҮЛНЭ ВЭ?

Нийтлэл / Нийслэл guide
2018 оны 01 сарын 23

Түүнийг П.Хангайхүү гэдэг. Цахилгаан электроны инженер мэргэжилтэй ч сонирхлоо дагаж “Бидний цөөхөн монголчууд” төслийн урлаг, уран сайхан, өв соёлын багийн гэрэл зурагчнаар ажиллаж байна.

Уг төсөл 2017 оны гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд 21 аймгийн бүх сум, багт очиж, аажим аажмаар хувьсан өөрчлөгдөж буй монголчуудын соёл, зан заншлыг баримтжуулж “энэ цагийн архив”-ыг бий болгох зорилготой аж. Тэд өвөл явсан аймгаараа зун дахин явж тухайн аймгийн бүрэн дүрслэлийг буулгаж авдаг юм байна. Ингэж явахдаа Ховд аймгийн Зэрэг сумын захчин ястангуудын тэмээн хөсгийг ч дурандаа буулгаж амжжээ.

Баруун аймгуудаар нүүдэл ховордож “Зэрэгийн нүүдэл” хэмээх алдартай тэмээн хөсгийн нүүдэл л үлдээд байгаа тухай тэр хэлсэн юм. Зэрэг суманд зундаа хүн, мал байхын аргагүй шумуултай болдгоос тус нутгийнхан ДТД 2900 метрийн өндөрт гарч зунждаг байна. Эргэн тойронд нь мөнх цаст уулс дүнхийх өндөрлөг газар руу тэмээгээр л гарч болдог ажээ. Тэд сүүлд олон ястны өлгий нутаг болох баруун гурван аймагт ажиллаад ирсэн байна. Монголчуудын ахуй, аж байдлын сэдэвт зургууд арвин учир П.Хангайхүүгийн дуранд буусан хүүхдийн хөрөг зургуудыг онцлон цөөн хэдийг нь толилуулж байна. Хүүхэд “Би муухай харагдах вий” гэж эмээдэггүй, хамгийн цагаахан, үнэн ертөнц учраас зураг дарахад хялбар, хэдхэн хором шаардагддаг бөгөөд тэд байгаа зүйлдээ үнэхээр сэтгэл хангалуун амьдарч буйг мэдэрсэн тухайгаа гэрэл зурагчин үгүүлсэн юм.

УВС, ТАРИАЛАН СУМ 

Түүнийг анх хараад л зургийг нь дармаар санагдсан. Түүний өвөрмөц нүд яс үндэстэй нь холбоотой. Г.Нямсүрэн охины гэр хөдөө байдаг бөгөөд Тариалан суманд ахтайгаа айлд сууж, цэцэрлэгтээ явдаг.


УВС, ТАРИАЛАН СУМ 

Хүүхдийн урлагийн наадам үзээд Соёлын төвөөс гарч явахад энэ хүү нүдэнд тусч хөргийг нь буулгасан. Ширүүн төрхтэй мэт боловч их зөөлөн, даруу хүүхэд шиг санагдсан.


БАЯН-ӨЛГИЙ, УЛААНХУС СУМ

Баруун зүгт хамгийн хол орших нэгэн сургуулийн дотуур байранд энэ охины хөргийг буулгасан юм.


УВС, БӨХМӨРӨН СУМ 

Дөрвөн настай С.Амина охин бол удам дамжсан бий биелгээчин. Түүний аав, эмээ нь алдарт бүжигчин, биелгээчин гэнэ.


БАЯН-ӨЛГИЙ, ЦЭНГЭЛ СУМ 

Тэр бол цээлхэн хоолойтой энгийн нэгэн дуучин хүүхэд. Анх түүний цэвэрхэн хувцаслалт нүдэнд тусч, түүнийг дуудаж цонхны зөөлөн гэрэлд зургийг нь авсан.


УВС, ТАРИАЛАН СУМ

Түүнтэй би гудамжинд таараад хамт явж байсан хүнээс нь “Охины нь зургийг авч болох уу?” гээд шууд л асуучихсан. Хөдөө амьдардаг хүмүүс энэ тал дээр огт цааргалдаггүй болохоор шууд л зөвшөөрч “Тэр ах руугаа хараарай” гэж хэлж билээ.


УВС, ТЭС СУМ 

Түүнийг би дэлдэн чихтэй сахилгагүй төрхөөр нь шууд санадаг. Анх бидэн дээр найзуудтайгаа дрон сонирхож ирсэн юм. Эхэндээ чихнээсээ ичээд зурагаа даруулахгүй байсан ч хэсэг хугацааны дараа түүний хөргийг буулгах завшаан надад олдсон юм.


БАЯН-ӨЛГИЙ, ЦЭНГЭЛ СУМ 

Энэ хүүгийн хөргийг гудамжинд тоглож байсан хэдэн хөвгүүнтэй таарахдаа авсан юм. Казах хэлтэй болохоор сайн ойлголцоогүй ч тэдний инээж хөхөрч байгаа нь бид хоорондоо үг солих шаардлагагүй мэт санагдуулсан.


БАЯН-ӨЛГИЙ, УЛААНХУС СУМ 

Хөх хөтөл багийн дунд сургуульд буулгасан зураг. Тэр ирээдүйд сайн модель болж магадгүй.


БАЯН-ӨЛГИЙ, ЦЭНГЭЛ СУМ 

Гудамжинд тоглож байсан хэдэн хүүхдийн нэг. Түүний хацар дээрх сэвх, харц надад таалагдсан юм.


УВС, ӨЛГИЙ СУМ 

Сумын сургуульд их олон хүүхдийн зураг авсанаас надад хамгийн таалагддаг нь энэ охины хөрөг. Тэр намайг ч тоохгүй байгаа энэ агшин миний зургийг амилуулсан мэт.


УВС, ЗҮҮНХАНГАЙ СУМ 

Тэр бол бүжигчин, анх тайзан дээр зургийг нь авсан ч төсөөлснөөр минь болоогүй учир дахин дуудаж энэхүү гайхалтай хөргийг авсан юм.

Нийтлэлийг: Б. Болортуяа
Эх сурвалж: "НийслэлGuide" №68/ 2018 1, 2 дугаар сар