Таны машин ид хүйтэнд бэлэн үү?

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 01 сарын 23

Өвлийн ид хүйтэнд жолооч бүр л ямар нэгэн асуудалтай тулгардаг. Тиймээс энэ удаад хүйтний улиралд тохиодог асуудлуудыг шийдэх талаар зөвлөе. Нийтлэлч Х.Гантуул

Их бие 

Автомашины будаг үйлдвэрээсээ гарахдаа л жигд гялгар байдаг бол амьдрал дээр машины их биеийн гадаргуу нь өдөр бүр сэв, хортонд өртөж улмаар кузов дээр ирэх агаарын урсгалын эсэргүүцэл ихэд нэмэгддэг. Эцэст нь түлш зарцуулалт ч ихэснэ. Нэмээд гаднах температурын хэлбэлзлээс болж мөстсөн ус хайлж удалгүй буцаад хөлдсөнөөр их биеийн хэсгийг гэмтээн, сэв үүсгэж зэврүүлдэг. Тэгэхээр автомашины гадаргууг бүхэл өвлийн турш өнгөлөгч болон хамгаалалтын тосон бүрхүүлээрээ арчилж байхыг зөвлөе.


Цонх

Өвлийн улиралд зам дээр асгадаг элс болон бусад химийн бодисоос болж автомашины хаалганы шил бохирддог. Иймд, шил буулгаж хаах тоолонд зурагдаж, тунгалаг байдлаа алдаж бүүдийнэ. Зарим тохиолдолд замын зорчих хэсэгт цацсан шигшилт муутай, том ширхэгтэй элсэн дахь чулуу нь машины дугуйнд шигдсэнээр шилэнд цохигдон цуурч, хагалдаг. Тиймээс шилээ тогтмол цэвэрлэж, жижиг хэмжээний хагарлыг бага дээр нь янзлуулах нь хамгийн зөв алхам юм.


Шил арчигч 

Машинаа гадаа хонуулсан нөхцөлд шил арчигчийн резин шилтэйгээ наалдаж хөлддөг. Энэ нь голдуу машинаа унтраагаад сайн хөрөөгүй байхад салхины шилэн дээрх хөлдсөн цасан ширхэг ус болж хайлснаас болдог. Мөн ийм үед шил арчигчийн резин уян хатан байдлаа алдаж, шил арчиж цэвэрлэхээ больдог. Иймээс шөнөдөө шил арчигчийг цонхноосоо хөндийрүүлэх хэрэгтэй.


Хаалганы цоож бариул 

Хаалганы цоож, бариул руу хөлдөхөөс сэргийлэх зориулалтын шингэнийг цацаж байх хэрэгтэй. Хүйтэнд машины түлхүүр цоожиндоо орж гацах, бариулын оньс нь мултрахгүй барьцалдаж хөлдөх эрсдэлтэй.


Хөдөлгүүрийн битүүмж шалгах 

Хөдөлгүүрийн битүүмж муугаас өвөл байтугай зун ч асдаггүй учраас аль нэг засварын газраар хөдөлгүүрийнхээ битүүмжийг шалгуулаарай.


Очлуур болон халаагуур 

Бензин хөдөлгүүрийн очлуур болон дизель хөдөлгүүрийн халаагч нь 2000°C-аас дээш хэмд ажиллаж байдаг тул 30,000-40,000 км зам туулсны дараагаар муудаж эхэлдэг. Тэр тусмаа нэгэнт муудсан очлуур, халаагчтай машин өвлийн ид хүйтэнд асна гэж саналтгүй шүү


Тоормос, конс 

Гаднах температур -15°C хэмээс доошилсон тохиолдолд тоормос болон консны ажиллагаа хатуурч эвдрэх тал бий. Энэ бүхэн бохирдол ихтэй тоормос болон консны шингэн эсвэл таарч тохироогүй шингэн хэрэглэснээс болдог тул нэг шалгачихад гэмгүй. Мөн тоормос бүрэн гүйцэд, тэгшхэн, зөв барих эсэхийг үзнэ.

НЭМЭЛТЭЭР 

Хөдөлгүүр халаах төхөөрөмж Машинаа нэг удаа хүйтэнд асаах нь 100-300 км явахтай тэнцэх хэмжээний элэгдэлтэй дүйцдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс өвлийн улиралд машинаа бүтэн өдрийн турш гадаа орхидог бол хөдөлгүүр халаах төхөөрөмжийг ашиглах нь хөдөлгүүрийн насыг уртасгана. Дулаан хучлага Машинаа гадаа хонуулдаг бол хучлага хэрэглэх хэрэгтэй. Үүнд, хүйтэнд тэсвэртэй материалаар машинаа бүрэн гүйцэд хучиж байгаарай.
Эх сурвалж: Зарулем сэтгүүл