Ц.Сүрэнхорлоо: Хүүд минь амьдрал бэлэглэсэн ард түмэндээ баярлалаа

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 01 сарын 23

Хужирбулангаас Гачуурт орох зам дагуух гэр хорооллын гудамжууд дунд цэвэрхэн хашаа, таван ханат гэртээ долоон настай Б.Содномгалсан хүү аав, ээж, ах, охин дүүгийн хамт амьдардаг. Хүүхдүүдийн инээлдэн тоглох дуу гэр дүүрэн цангинаж, ээж аав хоёр нь аз жаргалдаа бялхан байна. Учир нь элэг бүтэн, эрүүл саруул байхын эрхэм жаргалыг энэ гэр бүл тун ч хатуу мэдэрсэн билээ.

Гачуурт дахь ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн “онц сурлагатан” Б.Содномгалсан хүү өнгөрсөн жилийн зуны амралт эхлэхийн өмнөх өдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр сургууль руугаа явах замдаа цемент зуурдаг машинд мөргүүлсэн юм. Явган хүний гарцан дээр зогсох бяцхан хүүг утсаар ярингаа жолоо барьж байсан жолооч анзаараалгүй мөргөж, хүү арван метр газарт шидэгдэн, хүнд бэртсэн. Тэр л өдрөөс ГССҮТ, ЭХЭМҮТ эмнэлгүүдэд ээлжлэн хэвтэн эмчлүүлсэн ч эдгэрэлийг эс олж, хэвтрийн хүн болоод байсан юм. Арга ядсан ижий аав нь гадаадын эмнэлэгүүдэд хандан, ард түмнээсээ эмчилгээний зардал хандивлахыг гуйж биднээр уламжлуулж байв. / Б.Содгомгалсан хүүгийн талаарх сурвалжлага/

Наймдугаар сарын 1-ний нарлаг сайхан өдөр сурвалжлага бэлтгэхээр Б.Содномгалсан хүүгийн гэрт очиход гэр нь тал газар шиг ханхай хоосон, уйтгар гуниг дүүрэн, ижийнх нь ам давсан үг бүхэн гомдол харамсал, шаналал тээсэн нулимстай... Турж эцсэн хүү үе үе зовиурлангуй сулхан дуугарч, нүдээ эргэлдүүлэхээс өөр хөдөлгөөнгүй, сэтгэл эмтрэм дүр зураг энэ гэр бүлд ноёлж  байлаа.

Харин өнөөдөр тэд аз жаргалаар дүүрэн амьдралаа улам өнгөлөн дэвжээхийн төлөө аав нь ажиллаж хөдөлмөрлөж, ээж нь үрстэйгээ шуугилдан, чухам л жаргал дүүрэн амьдрал буцалж байна. Учир нь Б.Содномгалсан хүү хөл дээрээ боссон, цовоо цолгиунаар инээн, үсэрч дэвхцэн, жаахан охин дүүтэйгээ, тоглон шуугиулж байна.

Хоёр настай бага охиноо биш Б.Содномгалсан хүүгээ үе үе тэврэн эрхлүүлэх ээж Ц.Сүрэнхорлоотой цөөн хором ярилцлаа.

Б.Содномгалсан маань үнэхээр хөөрхөн болжээ. Танай гэр бүлийн өмнөөс их баяртай байна.

Хүүд минь амьдрал хайрласан ард түмний минь ач шүү дээ. Яаж баярлаж талархах учраа олохгүй л байна. Унаж уйлах нэг өдөр байхад, сайхан сэтгэлт түмэн олноороо түшүүлээд босоод ирэх бас нэг өдөр байдаг юм байна. Хүү минь ус уух хувьтай байж. Элэг бүтэн, эрүүл саруул байхаас илүү баяр жаргал гэж хаана байх вэ. Бидний зовлонг өөрийн зовлон мэт ойлгож, чадлаараа гүйж, гарц боломжийг зааж өгсөн өмгөөлөгч н.Мөнхзолбоодоо маш их баярлалаа. Бидний байдлыг бодитоор сурвалжлан ард түмэнд уламжлан хүргэж өгсөн танай сайтын хамт олон, NTV телевизийн Мэдээний албаны хамт олонд бас баярлаж талархсанаа илэрхийлье.

Хүүгээ ямар эмнэлэгт, хэдий хугацаанд эмчлүүлэв. Эмчилгээний үр дүнг эмч нар юу гэж дүгнэсэн бэ?

Хүү бид хоёр наймдугаар сарын 14-ний өдөр Хятадын Хөх хотын эмнэлэгт очсон. Тэнд сар гаруй хугацаанд эмчлүүлсэн ч “Эдгэрэх боломжгүй” гэсэн хариу сонсоод гарсан. Яг энэ үед Хөх хотын сурвалжлагч ирж ярилцлага аваад, Өвөрмонголын Сүмэнзул гэдэг хүн энергээр эмчилдэг гэдгийг хэлсэн. Тухайн үед арга чарга бүрийг ашиглах юмсан гэсэн хүсэлтэй байсан болохоор хүүгээ аваад очсон. Тэр хүн миний хүүг дөрвөн сар 21 хоног эмчлээд хөл дээр нь босголоо, ийм хөөрхөн болгочихлоо.

Хүүгийн маань биеийн байдал хэвийн болж, маш сайн эмчлэгдсэн. Харин тархи нь бүрэн хөгжөөгүй. Хоёр гурван настай хүүхдийн хэмжээнд сэтгэж байгаа. Хүний яриаг дагаж хэлнэ, хариулж мэдэхгүй. Өөрийгөө илэрхийлж, юу хүсч байгаагаа хэлж чадахгүй байдалтай байна. Гэхдээ нүд нь эргэлдэхээс өөр хөдөлгөөнгүй болсон байсан хүү минь хөл дээрээ бослоо, инээж хөөрөөд гүйж байна. Хүн илүү шунадаг л юм байна. Хүүгээ хэвийн, эрүүл саруул болгочих юмсан гэж хүсч л байна.

Тархины хөгжил хэвийн болох талаар эмч нь юу гэж хэлсэн бэ?

Цаг хугацаа бүхнийг харуулна гэсэн. Урт хугацааны эмчилгээний дараа тархины хөгжил хэвийн болно, эргэж ирж эмчлүүлээрэй гэсэн. Мөнгө төгрөгний боломжоо хараад бид хоёр буцаж явж амжаагүй л байна.

Эмчилгээний зардалд ард түмний өргөсөн хандивын талаар ярьж болох уу. Ер нь эмчилгээнд хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

Ард түмний маань хандив 16 сая төгрөг цугларсан. Энэ их мөнгөний дээр сэтгэлийн дэм үнэхээр их хүч, боломжийг бидэнд өгсөн. “Хүү чинь босно, эмчилгээгээ тасралтгүй хийлгээрэй” гээд л мессэж бичиж, утсаар ярьж байсан хүмүүс олон байсан. Бүгдэд нь баярлалаа. Та бүхэн л миний хүүгийн амийг аварсан шүү гэдгийг хэлмээр байна. Ийм сайхан хүмүүсийн дунд муу хүмүүс бас байдаг юм байна. Хандивын мөнгөнийхөө 11 саяыг нь хоёр хүнд залилуулчихсан.

Наймдугаар сард Хөх хот явах гэж байхад н.Амгалан гэдэг залуу холбогдоод “Христийн шугамаар Япон луу эмчилгээнд явуулж өгье” гээд таван сая төгрөг аваад, удалгүй сураггүй болчихсон. Түүний дараа Хөх хотын эмнэлэгт хэвтэж байх үед н.Оргил гэдэг залуу илүү сайн эмч, эмнэлэгтэй холбож өгье гэж 5.5 сая төгрөг аваад бас л сураггүй болсон.

Ер нь эмчилгээний нийт зардал 25 сая төгрөг болсон. Хүүг маань эмчилсэн Сүмэнзул гуай Өвөрмонголдоо бас хандивын аян өрнүүлж тусалсан. Алмаас гэдэг хятад залуу бас хандив цуглуулж өгсөн. Хүүд минь хүн бүхэн л тусласан даа. Сүмэнзул гуайн эмчилгээний төлбөр нь хүүхэд өдрийн 2000 юан, том хүн 3000 юанын төлбөртэй байдаг. Тархи, саажилт, хавдар гээд хүнд өвчнүүдийг энергээр эмчилдэг их мундаг хүн байдаг юм. Цагаан сарын дараа Монголд ирэх бодолтой байгаа юм байна лээ. Хүүгийн маань гэмтэл, эмчилгээний явцын талаар танай ард түмэнд дэлгэрэнгүй ярьж өгмөөр байна гэж байсан. Тэр хүн ирвэл олон хүнд тус болох байхаа гэж бодож байна. 

Хүүг мөргөсөн жолооч та бүхэнтэй холбоотой байгаа юу. Шүүх хурал нь болсон уу?

Шүүх хурал нь өнгөрсөн 12 дугаар сарын 27-ны өдөр болсон. Жолоочид нэг жилийн тэнсэн ял, гурван жил жолоо барих эрхийг нь хасах шийтгэл ногдуулсан.  Мөн 21 сая төгрөгийн хохирлыг бидэнд олгуулах тогтоол гарсан. Энэ мөнгийг тэнсэн харгалзах ялтай нэг жилийн хугацаанд барагдуулаарай гэсэн. Гэвч нөгөө хүн маань 300 мянган төгрөгнөөс өөр мөнгө өгсөнгүй. Огт холбоогүй байгаад сая шүүх хурлын үеэр л уулзлаа. Хүн чанар муутай хүн юм гэж бид гомдож байгаа. Бид бусдыг ялтан болгоод шоронд суулгахыг хүсээгүй. Нэгэнт алдаа гаргасан болохоор хариуцлагаа хүлээж, хүүг маань эргэж тойрч, дэм болоосой л гэж хүссэн.

Гэхдээ бид одоо айдгаа авдартаа хийгээд байна. Дараа дараагийн зүйлс аяндаа эерэг сайхан болно байх гэж найдаж байна. Хүү бид хоёр олон төлөвлөгөө зорилготой байгаа. Намар сургуульдаа орно. Эргээд онц сурлагатан болно. Амьдрал баян юм аа. Бие биенээ хайрлах, эрүүл саруул байх нь л хамгийн эрхэм юм гэдгийг ойлгосон.