“Facebook” 65000 хүнийг цахим технологийн чиглэлээр сургана

Технологи / Time Admin
2018 оны 01 сарын 22

“Facebook” компани Франц улсад 65000 иргэнийг сүүлийн үеийн тоон технологи, интернэттэй холбоотой бизнес эрхлэхэд туслах зорилгоор томоохон хэмжээний дижитал сургалт зохион байгуулахаа мэдэгдлээ.

Мөн тэд 2022 он гэхэд тус улсад хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн чиглэлээр 10 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Харин сургалт явуулахад хэр их хэмжээний зардал гаргахаа мэдэгдсэнгүй.

“Facebook”-ийн мэргэжилтнүүд ажилгүй 50000 иргэнтэй хамтран ажиллаж, 2019 оны сүүлч гэхэд тэдний компьютер технологийн ур чадварыг нь илт дээшлүүлэхээр төлөвлөжээ. Үлдсэн 15000 иргэн нь эмэгтэйчүүд бөгөөд нийгмийн сүлжээний компанийн зүгээс тэдний бизнесийг эхлүүлэхэд туслалцаа үзүүлнэ. Ингэхдээ Францын 3500 эмэгтэйг компьютерийн эрчимжүүлсэн сургалтанд хамруулж, 11500 эмэгтэй онлайнаар зайны сургалтанд хамрагдана.

“Facebook” компанийн сургалтын төлөвлөгөөний хүрээнд 2020 он гэхэд пан-Европын 1 сая орчим хүн хиймэл оюун ухаан, интернэт технологийн бизнес, компьютер технологийн талаар мэдлэгтэй, дөртэй болсон байх аж.