ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 01 сарын 22

Чон Жү Ён бол үнэн шударга арга замаар мөнгө олохын төлөө нойроо хумслан байж, өвөл зунгүй зүтгэсээр ирсэн нэгэн билээ. Тэрбээр дайныг үзэн яддаг байсан шигээ япончуудад дургүй байсан учраас 1946 онд “Япончуудаас дутахгүй!” хэмээн Сөүлийн гудамжаар хашгиран “Hyundai” буюу “орчин үеийн” гэсэн утгатай дүйх анхны авто засварын газраа нээжээ.

Чонгийн хөрөнгийг гадаад, дотоодын балмадууд нэг биш удаа хурааж байгаа нэрээр дээрэмдсэн. Энэ нь гал дээр тос нэмсэнтэй адил угийн дайчин, оргүй хоосноос овоорсон баялаг бүтээж чаддаг Чон Жү Ёнийг улам хурцалсан уу гэхээс мохоогоогүй юм.

Гэсэн ч анхны автомашинууд нь явахаасаа илүүтэй эвдэрч, хэмхрэн замын хоёр талаар арзайтлаа зогсож байдаг байлаа. Энгийнээр бодоход өчнөөн жил Япончуудад колончлогдсон Солонгост ямар юмных нь авто инженер, зохион бүтээгч, дизайнерууд байх билээ дээ. Тэгэвч Чон Жү Ён чадсан...

Машинаа сайжруулахын тулд их ч зүтгэж, тэмцэж, эцэст нь энэ бүхэн нь үр шимээ өгсөн. Харин нэгэнт олсон орлогоо өөрийн амьдралд зарцуулахын оронд Hyundai Motor-ийг дэлхийн жишигт хүргэхийн төлөө дэрэн дээрээ бараг л толгой тавиагүй чөмгөө дундлан зүтгэсэн гэхэд болно.

Дандаа бүтэлгүйтнэ ч гэж юу байхав. Хэсэгхэн хугацааны дараа Hyundai Motor Италийн хүчирхэг дизайн, Японы алдарт Mitsubishi-тэй гэрээ байгуулж машинууд нь зогсдог биш явдаг боллоо. Өнөөгийн байдлаар Hyundai Motor автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвт жагсаж Хятад, Энэтхэг, Турк, Америк, Чех зэрэг улс оронд таван том үйлдвэртэй, нийт 78000 мянган инженер техникийн ажилтантай даруй 196 улсад автомашинаа борлуулдаг, 6000 гаруй дилер болон үзэсгэлэнгийн танхимтай үнэнхүү галав эриний үлэг гүрвэл юм уу, эсвэл арслан заан шиг аварга том корпораци болжээ.

Эх сурвалж: Зарулем сэтгүүл