Д.Эрдэнэбат: Засгийн газрыг огцруулах шаардлага тавина

Улс төр / Э. Сайнзаяа
2018 оны 01 сарын 22

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв.

Тэрбээр, "Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд иргэдийн бухимдал их байна. ОУВС-гийн шаардлагаар гэдэг нэрийн дор долоон төрлийн татвар нэмсний үр дагавар гарч байна. Энэ нь шатахууны асуудал. Шатахууны хомсдол бий болсон үндсэн шалтгаан нь Онцгой албан татвар нэмсэнтэй холбоотой. Үнэхээр валютын дөрвөн тэрбумын нөөцтэй бол ийм байдал үүсэхгүй. АН-аас Ерөнхий сайдад татвартай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь Засгийн газар арга хэмжээ аваагүй. АН-ын үед иргэдийн халаасны алдагдлыг Монголбанк хүлээсэн. Импортын барааг хязгаарласан гэж байгаа ч үнэ нь нэмэгдсэн байна. Бензин шатахууны үнэ нэмэгдсэн байна. Өнөөдөр эдийн засгийн өсөлт хаачсан бэ. Ерөнхий сайдад өгсөн АН-ын шаардлагын хугацаа хоёрдугаар сарын нэгэнд дуусна. Энэ Цагаан сараар иргэдийн цалин тасарсан, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн дүр төрх харагдаж байна. Хэрвээ үнийн өсөлтөөс шалтгаалж, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрвэл бид Засгийн газар огцруулах шаардлагыг цаашид тавина" гэлээ.