“Живаго эмч” бол Оросын уран зохиолд хэдэн арван жил хийгдээгүй алхам байсан

Ярилцлага / Time Admin
2018 оны 01 сарын 23

XX зууны хамгийн нэр хүндтэй зохиолчдын нэг Борис Пастернакийн хүү Евгений Пастернакийн нэгэн ярилцлагыг хүргэж байна.

-Борис Пастернакийн хувь заяа нь Оросын аугаа их олон хөвгүүдийн хувь заяатай маш адилхан: сэхээтнүүд түүний зохиолыг амтархан уншиж, хүлээн зөвшөөрдгийн дээр оюутнууд хайрлан хүндэтгэдэг боловч албан ёсны засаг захиргааныханд болон үзэг нэгт зарим нөхдөдөө няцаагдаж байжээ.

Пастернак сүүлчийнхээ нэг захидалд уран зохиолд агаар хэрэгтэй, тэр нь алга учраас минйи цаг үе ирээгүй байна гэж өгүүлсэн юм. Үнэхээр тэр хүн амьдралынхаа тэн хагасыг ганцаардсан хэцүү байдалд өнгөрүүлжээ. Гэвч энэ нь таны хэлснээр зөвхөн өөрийн нь хувь заяа биш байжээ.


1924 онд. Зүүн гар талаас хоёр дахь нь Борис Пастернак, цаана нь С.Эйзенштейн, О.Третьякова, Л.Брик, В.Маяковский нар.

-1934 онд хуралдсан Зохиолчдын анхдугаар хурал дээр Пастернак өөрийн итгэл үнэмшлээ хэлэхдээ: “Эрх дархаар хөөцөлдөөд нэр нүүрээ бүү алдагтун...Ард түмэн, төр улс маань биднийг хүрээлж буй асар их элэгсэг халуун халамжийн дотор социалист түшмэл болох нь маш их аюултай юм. Энэхүү энэрэл хайраас түүний шууд эх ундаргын тусын тулд, Эх орондоо болон орчин цагийн аугаа их хүмүүст туйлаас, алсын хараатай бүтээлчээр хайртай байхын тулд түүнээс хол байгтун” гэжээ. Түүний энэ үгнээс бол уран зохиолын амьдралаас холдуулж эхэлсэн бололтой.

Жаахан сүүлд холдуулсан юм. Эхлээд Пастернак их хурал дээр сонгогдсон зохиолчдын эвлэлийг бүтээлч байгууллага мөн гэж бодоод, эхлэн бичиж буй зохиолчдод тусалж байлаа. Гэтэл бүтэн хагас жилийн дараа хэвлэлд хэлбэрдэх үзлийн тухай өргөн шүүмжлэл эхэлж, зохиолч Константин Федин, Леонид Леонов, Мариэтта Шагинян, хөгжмийн зохиолч Дмитрий Шостакович, уран зураач Владимир Лебедев нарыг үл мэдэгдэх шалтгаанаар дайрч давшлахад нь Пастернак тэднийг өмгөөлөн хамгаалсан юм билээ. Түүний бичсэн зүйлээс нэг хэсгийг, тухайлбал би хамтралжуулалтыг ойлгохгүй байгаа бөгөөд түүнийг алдаа гэж үзэж байна гэсэн санаатай юм нийтэлсэн юм. Ингээд л Пастернакийн зохиолыг нийтлэхээ болиод, зохиолчдын эвлэлд түүнийг ямар нэг ажилд оролцуулахгүй болсон.

-Тэгэхэд Пастернак яасан бэ?

Орчуулгын ажилд шилжсэн. Хүнд бэрх байдалд орсон хүмүүст тусалдаг дадал заншлаараа болон өөрийн гэр бүлийг гачигдал зовлонгүй байлгахын тулд маш их зүйл орчуулах ёстой болжээ. Энэ утгаар Оросын утга зохиолд түүний оруулсан хувь нэмэр маш их юм. Гётегийн “Фауст”, Шекспирийн гол гол эмгэнэлт зохиолууд, Европын аугаа их яруу найрагчдын бүтээлжийг орчуулжээ. Гэхдээ энэ бүхэн нь Борис Пастернак шиг яруу найрагчийн хувьд хоёрдугаар зэргийн ажил байсан юм билээ. Шууд утгаараа мөнгө олох дайвар ажил байсан. Гэхдээ энэ нь бас түүний хоёр жилд гүйцээнэ гээд арван жил бичсэн “Живаго эмч” гэдэг роман дээрээ ажиллах боломж олдсон. Мэдээж уран зохиолын амьдралаас хөндий тасархай байх нь түүнд яггүй хэцүү байсан нь ойлгомжтой. Пастернак үг хэлэх эрх чөлөөгүй, уран зохиолын чөлөөт амьдралгүйгээс бас уншигчдаасаа холдсонд сэтгэл нь түгшиж байсан. 


1924 онд Борис Пастернак эхнэр, хүү хоёрынхоо хамт.

-Борис Пастернак “Живаго эмч” романаа амьдралынхаа гол бүтээл гэж үзэж байжээ. Гэвч тэр нь Пастернакийг дэлхий дахинд улам алдаршуулснаас гадна түүний хувь заяанд нэг эмгэнэлт хуудас болжээ. 1957 онд итали хэл дээр гарсан “Живаго эмч” дэлхий дахинд ялалтын дуулиан болсон. Харин зохиолчийг эх оронд нь улам харгис хатуугаар дайран давшилсан юм. Гучин жилийн дараа л Зөвлөлт холбоот улс улс хэвлэсэн. Гэтэл бас түүнийг бид нэгэн санаагаар хүлээж авсангүй.

Пастернак “Живаго эмч” романаа бичихдээ, үргэлжилсэн үгийн уран зохиолыг гэх сэтгэл европчуудыг бодвол манайд хангалтгүй байсныг мэдэж байсан. “Живаго эмч” шуугиан дуулиант зохиолоос цаашилж, хэдийнээ сонгодог зохиол болж, дэлхий дахинд сургуулийн хичээлийн программд оржээ. Харин манайд түүний тухай нэлээд хачирхалтай өгүүлэл бичсээр байна. Түүний нэг бол агийн ёсны зүйл, эсвэл таавар таамнал гэж үздэг. Тэгтэл түүнд таавар таамналын ч, гайхаж гөлиймөөрч ч юм байхгүй шүү дээ. Энэ бол уран зохиолд байх ёстой, хэдэн арван жилийн турш хийгдээгүй байсан алхам байсан. Тэр алхмыг чухамхүү Пастернак л хийсэн. 


Фронтод явав. (1943 он)

-Евгений Борисович та, Борис Пастернак Нобелийн шагнал хүртсэн тухай нь ярьж өгнө үү.

Нобелийн шагнал авсан түүх нь эхнээсээ аваад адгаа хүртэл эмгэнэлт явдал юм. Пастернак энэхүү шагналт 1946 оноос зургаан удаа нэр дэвшсэн. Долоо дахь удаагаа нэр дэвшсэн 1958 онд “Европын уянгын яруу найрагт гарамгай амжилт гаргаж, аугаа их оросын үргэлжилсэн үгийн зохиолын сайхан уламжлалыг үргэлжлүүлсэн учир...” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Борис Пастернак дэлхийд асар их ач холбогдолтой зохиолчийн хувьд энэ шагналыг авсан. Түүний романыг ЗХУ-ын Зохиолчдын эвлэлээс хориглосон 1956 оноос эхлээд ЗХУ-д бөөн будлиан гарсан юм. Урьд үзэгдээгүй энэ хорт ажиллагаанд утга зохиолын түшмэдүүд оролцон, тэдний нэг нь Пастернакийг Зохиолчдын эвлэлээс хөөх санал гаргаж байлаа. Түүнийг гадаадад хөөж гаргавал зохино гэж хүртэл ярьж байлаа. Яруу найрагчийг өөрийг нь мөшгөж мөрдөөд зогсоогүй өмнө нь дөрвөн жил шоронд сууж байсан түүний хань Ольга Ивинскаяаг яллах гэж элдвээр сүрдүүлж байсан. 

Зохиолчийг тэгж хорлохыг санаачлагч нь Хрущев байсан бөгөөд түүний романыг огт уншаагүй байсан нь хожим тодорхой болсон юм. Энэ бүхнээс болж нэр хүнд минь гутамшиг болж хувирлаа гэж Пастернак бодож байсан. Уг нь Нобелийн хороо өөрийн шийдвэрийн тухай зарласны нь дараа Пастернак Стокгольмд явуулсан цахилгаан утсандаа, “Хязгааргүй баярлаж, сэтгэл уяран, бахархаж гайхал төрлөө” гэж бичжээ. Харин таван хоногийн дараа илгээсэн цахилгаан утсандаа шагнал авахаас татгалзаж буйгаа хэлсэн байдаг. Үүний зэрэгцээ Пастернак ЗХУЗН-ын Төв хороонд явуулсан цахилгаан утсандаа, “Ивинскаяаг ажилд нь эргүүлж оруулна уу, би шагналаас татгалзлаа” гэж бичсэн. 

Нобелийн шагналын түүх ийм юм. Шагналаас татгалзсан явдал нэг талаас яруу найрагчид маш гунигтай явдал болж, нөгөө талаар өөрөө ёс суртахууны хоёрдмол санаатай үл ойлгогдох байдлаас санаа сэтгэлийн хувьд ангижирсан. Нобелийн шагналын хороо 1989 онд Пастернакийн татгалзсан явдлыг өөрийн эрхгүй байдлаас болсон учир хүчин төгөлдөр биш гэж үзсэн. Ингэж 1958 оны шагналыг хожим би эцгийнхээ өмнөөс гардаж авсан юм. 

-Борис Пастернакийн 100 жилийн ойг (1990 онд зохиолчийн 100 жилийн ой тохиожээ) дэлхий даяар өргөн тэмдэглэж, түүний зохиолыг шинээр хэвлэж, нийтэлж байна. Таван боть ном хэвлэх ажлыг та удирдаж байгаа. Энэ талаар ярьж өгнө үү?

Эхний ботид шүлэг нь, гуравдугаар ботид “Живаго эмч” романыг нь эх хувилбар, тайлбартай багтааж, дараачийн ботид хэлсэн үг болон энд тэндээс олдсон богин хэмжээний үргэлжилсэн үгийг зохиолуудыг нь оруулж байна. Мөн захидлуудаар нь бүрдсэн тавдугаар боть байна. Пастернак амьдралдаа бичсэн бүх зүйлийг нь барагцаалбал тал хувь нь захидал байгаа юм. Үг хэлэх эрх чөлөөгүй байх үедээ бичсэн бусад бүх зүйлээс яруу найрагчийн захидлууд онцгой ялгаатай. Тэр дунд Пастернакийн санаагаа илэрхийлж дассан чин сэтгэлийн үгээс боож бичсэн олон зүйлийг уг эхээр нь хэвлэх гэж байна. Түүний захидал бүр нь уран зохиолын баримт болохоор бид түүний захидлуудаас аль чухлыг нь олноор нийтлэхийг хүссэн юм. 

-Борис Пастернакийн зохиолууд эх орондоо нийтлэгдэж байна байна. Та зөвлөлтийн уншигчид хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэж иттгэж байсан уу?

Тийм ээ, яриангүй итгэж байсан. Пастернак мэргэжлийн зохиолч байсан болохоор явцуу хүрээнд зориулж бичнэ гэдэг түүний хийх зүйл биш байсан. 

-Ярилцага хийсэнд тань талархал илэрхийлье.

Эх сурвалж: “Октябрийн туяа” сэтгүүл 1990 он