300 саяын үнэтэй “Лексус 570” хэнийх вэ

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 01 сарын 25

Олон нийтийн сүлжээнд Хууль зүй дотоод хэргийн яамны байрны өмнө зогсож буй 0101 УБҮ улсын дугаартай, хар өнгөтэй “Лексус 570” маркийн автомашины зураг нийтлэгдэж,  шуугиан үүсгээд байна. Уг автомашин нь Хуульзүйн сайд Ц.Нямдоржийн унаа гэх албан бус мэдээлэл гарсан бөгөөд энэ талаар Хуульзүйн яамтай холбогдож тодруулахад мэдээллийг үгүйсгэсэнгүй. Мөн сайд ч энэ талаар тоймтой хариулт хэлсэнгүй.

Монгол Улсын эдийн засаг хямралтай энэ үед төрийн албан байгууллагууд бүх шатанд хэмнэлтийг чухалчилж байгаа ч  Хууль зүйн сайдад энэ хамааралгүй бололтой. 

“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын 2.1.2.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд-хөх улаан, Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - хөх-улаан гэрлэн дохиог хэрэглэнэ хэмээн заасан.

Тэгвэл 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны нэгдүгээр сарын 15-нд Монголд орж ирсэн, 300 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй, тансаг зэрэглэлийн уг автомашиныг шуурхай албаны тээврийн хэрэгсэл болгосон уу, эсвэл сайдын унаа юу гэх асуулт урган гарна.

Сайд уг автомашины талаар тоймтой хариулт хэлээгүй учир Засгийн газрын авто бааз, Төрийн тусгай хамгаалалтын газарт уг машин бүртгэлтэй эсэхийг тодруулахад аль алинд нь бүртгэлгүй болох нь ил болсон юм. Түүнчлэн тусгай гэрлэн болон дуут дохионы зөвшөөрөл олгодог ЦЕГ-ын Лицензийн төвөөс мэдээлэл авахыг хүссэн ч хариулт өгөх хүн байсангүй.

“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын 2.3.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгсэл нь дараах шаардлага хангасан байна хэмээн заажээ. Үүнд:

2.3.1.тээврийн хэрэгслийн урд хамар /капот/, тээшний таганд 350мм х 350мм -ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт MNS 4333:96 стандартын дагуу 90мм х 50мм –ээс багагүй хэмжээстэй тоо бүхий харилцах утасны дугаар, 100ммх60мм-ээс багагүй хэмжээстэй үсэг бүхий /байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл/ бичигтэй байна.

2.3.2.тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгслийн байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл, харилцах утасны дугаарыг тухайн тээврийн хэрэгслийн үндсэн өнгөнөөс ялгарах өнгөөр бичсэн байна хэмээн заасан.

Харин 0101 УБҮ дугаар бүхий тусгай гэрлэн дохиотой  “Лексус 570” машинд дээрх заалтуудын дагуу таних тэмдэг байсангүй.