Трампын санаачилсан Цагаачлалын тухай шинэ хууль ямар ач холбогдолтой вэ

Time / Time Admin
2018 оны 01 сарын 25

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаачлалын тухай шинэ хуулиа ирэх долоо хоногт танилцуулахаар болжээ. Мөн тэрбээр хилийн дагуу хана байгуулахад 25 тэрбум ам.доллар төсөвлөхөөр болсон байна. Тэрчлэн, уг хуульд зааснаар АНУ-д хууль бусаар ирсэн ч тус улсын иргэншил авах эрх нээгдэх аж.

Доналд Трампын санаачилсан хууль нь Конгресст Бүгд найрамдах, Ардчилсан намын дэмжлэгийг авч чадна гэдэгт тэрбээр итгэлтэй байна. Шинэ хуулийн хүрээнд АНУ-д хууль бусаар амьдарч байгаа 700 мянган цагаачдад иргэншил олгоно. Ингэхдээ хатуу шаардлага тавина гэдгийг Трамп онцолжээ.

Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ “Цагаачдад санаа зовох хэрэггүй гэж дамжуулаарай, ойлгов уу. Битгий санаа зов гэж хэл. Бид асуудлыг шийдэх гэж байна” гэжээ. Трамп 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр цагаачдын асуудлаар хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж, тэдэнд хатуу дүрэм журам хэрэгтэй гэж мэдэгдэж байв.

Барак Обама Ерөнхийлөгч байхдаа санаачилж, 2018 оны гуравдугаар сараас хүчин төгөлдөр болох байсан Цагаачдын хүүхдүүдийн шилжилт хөдөлгөөнийг хойшлуулах тухай санаачилгыг өнгөрсөн оны есдүгээр сард зогсоох шийдвэр гаргасан юм. Үүний оронд Конгресст шинэ хууль оруулж ирэхээ мэдэгджээ.

Трампын үзэж буйгаар шинэ хөтөлбөрөөр ихэвчлэн латин Америкаас ирсэн 700 мянган цагаачдад АНУ-д 10-12 жилийн хугацаанд амьдрах зөвшөөрөл олгоно. Мөн цагаачдын гэр бүлийн батлан даагчдыг хязгаарлах, визний сугалааны системийг шинэчлэх гэх мэт зүйлс багтсан байна.