Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 24, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
2018 оны 01 сарын 24

1. Ц.Сүрэнхорлоо: Хүүд минь амьдрал бэлэглэсэн ард түмэндээ баярлалаа

Гачуурт дахь ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн сурагч хүү өнгөрсөн оны тавдугаар сарын 23-ны өдөр сургууль руугаа явах замдаа цемент зуурдаг машинд мөргүүлж ноцтой бэртсэн талаар тайм.мн сайт мэдээлж байв. Хүүг тухайн үед ГССҮТ, ЭХЭМҮТ эмнэлгүүдэд ээлжлэн хэвтүүлж эмчлүүлсэн ч ямар ч найдваргүй гэсэн хариу сонсоод байсан юм. Улмаар хүүд хандив цуглуулж, урд хөршид очиж эмчлүүлснээр хүү хөл дээрээ босчээ. Энэ талаарх сурвалжлагыг уншина уу. [Time.mn]

2. АНУ-д ажиллах иргэдийг бүртгэнэ гэх залилангийн мэдээлэл тарааж байгааг анхаарууллаа

Америкийн компаниудад түр хугацаагаар ажиллах боломж олгодог Н2 ангиллын виз олгож эхэлнэ гэж зарласны дараа "АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна" гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхаарууллаа. [Gogo.mn]

3. Монгол Улс хар жагсаалтаас гарлаа

Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын зөвлөл өчигдөр Брюссель хотноо хуралдаж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэжээ. Тус зөвлөл өмнө нь 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулсан юм. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гараад байна. [News.mn]

4. Өмнөд Солонгост жуулчлах монголчууд 2017 онд нэмэгджээ

Өмнөд Солонгосын Аялал Жуулчлалын Байгууллага салбарынхаа 2017 оны тоо баримтыг танилцуулжээ. Тус улс өнгөрсөн онд 13.34 сая жуулчин хүлээж авсан нь өмнөх оноос 22.7 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Үүнд Хятадын засгийн газрын авсан хориг голлон нөлөөлж, хятад жуулчдын тоог өмнөх оноос бараг хоёр дахин бууруулж, 4.17 саяд хүргэжээ. Мөн Азийн бусад бүс нутгаас ирсэн жуулчдын тоо өнгөрсөн онд өссөн байна. Тухайлбал Монгол, Казахстаны жуулчдын тоо 30-аас дээш хувийн өсөлттэй байж, нийт улс орнуудыг тэргүүлжээ. [Ikon.mn]

5. Н.Төгсцогт мэргэжлийн боксын чансаагаараа дэлхийд 14 дүгээрт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, мэргэжлийн боксын рингэнд “King Tug“ нэрээр тулалдаж байгаа бөгөөд түүний жингийн дэлхийн чансаа шинэчлэгдэж 14 дүгээрт эрэмбэлэгдлээ. Тэрбээр "Шинэ чансаагаар 14 дүгээрт бичигдлээ. Улаан шугамнаас дээгүүр оржээ баярлалаа WBC"  хэмээн сошиал хуудсаар дамжуулан мэдэгджээ. [Montsame.mn]

6. 15 настай сурагч 2 хүний аминд хүрч, 17 хүнийг шархдууллаа

АНУ-ын Кентаки мужийн Бентон хотын Маршал кантрийн ахлах сургуульд мягмар гарагт 15 настай сурагч армид ашигладаг галт зэвсэг ашиглан 2 сурагчийн амийг хөнөөж, 17 сурагчийг шархдуулжээ. Маршал кантрийн ахлах сургуулийн хэсэг сурагч хэдэн долоо хоногийн өмнө галт зэвсгийн сургалтанд сууж байсан аж. Гэхдээ тухайн үед яг ямар төрлийн бэлтгэл хийсэн эсэхийг цагдаагийн дарга Рик Сандерс тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Дээрх хэрэг явдал нь АНУ-д сүүлийн 24 цагийн дотор ахлах сургуульд болсон хоёр дахь буудлагын хэрэг явдал аж. Техас мужийн Даллас хотод Италийн ахлах сургуулийн цайны газарт даваа гарагт 16 настай хөвгүүн 15 настай охин руу гал нээж шархдуулсан байна. [Time.mn]

7. Дэлхийд анх удаа дан хөнгөн цагаанаар нисэх онгоцны хөдөлгүүрийг бүтээжээ

Новосибирскийн техникийн их сургуулийн зохион бүтээгчид дэлхийн хамгийн анхны дан хөнгөн цагаан нисэх онгоцны хөдөлгүүрийг бүтээжээ. Өмнө нь эд ангиудын бүх хэсгийг ган төмрөөр хийдэг байсан бол онцгой технологи ашиглан тэдгээрийг хөнгөн цагаанаар орлуулах болсноор шинэ хөдөлгүүр нь өмнөх загвараасаа 50 кг-аар бага жинтэй болж байгаа бөгөөд хүчин чадал нь 10 хувиар нэмэгдэж,  түлшний зарцуулалт нь 15 хувиар буурч байгаа аж. Хөдөлгүүрт энгийн автомашины адил АИ-95 бинзен ашиглах юм байна. Шинэ хөдөлгүүрийн газар дээрх туршилтыг энэ сарын 19-нд амжилттай явуулсан бөгөөд дараагийн удаад хөдөлгүүрийн 2000 цаг ажиллах чадварыг нь шалгаж, нислэгийн туршилтууд хийхээр төлөвлөжээ. [Montsame.mn]

8. АНУ импортын зарим бүтээгдэхүүнд татвар оногдууллаа

АНУ импортын угаалгын машин болон нарны зайн хураагуурт татвар ногдуулж эхэлжээ. Трамп  ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх тухай яриа гарсныг Хятад, БНСУ шүүмжилж, эсэргүүцсэн. АНУ Транс-Номхон далайн түншлэлийн гэрээнээс гарч, Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээг (Nafta) эхлүүлсний дүнд АНУ дээрх арга хэмжээг авчээ. Нарны зайн хураагуурт дотоодын үйлдвэрлэгчдийн таамаглаж байснаас бага татвар ногдуулсан боловч угаалгын машин болон бусад эд ангид 50 хувь хүртэл өндөр татвар ногдуулсан байна. [News.mn]

9. Грек, Македон улсууд “Македон” нэрийг булаацалдсаар байна

Грек, Македон улсуудын удирдагчид энэ долоо хоногт Швейцарьт уулзаж, бараг гуч орчим жил үргэлжилж байгаа нэрний маргаанаа хэлэлцэхээр болжээ. Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр буюу нэгдүгээр сарын 25-нд Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас, Македоны ерөнхий сайд Зоран Заевтай уулзах юм. Хуучин Югославын Холбооны улс задрахад 1991 онд Македон улс байгуулагдсан нь Грекийн хойд Македон мужийн нэртэй давхцжээ. Македон бол эрт цагаас Грекчүүдийн түүхтэй холбоотой нэр томьёо. Тиймээс Грекчүүд Македон улсыг нэрээ өөрчлөхийг шаардаж, тус улсыг Европын Холбоо, NATO-д элсэхэд нь саад хийсээр ирсэн юм. [ikon.mn]

10. Өдөр тутмын амьдралд 5G технологи чухал үүрэг гүйцэтгэнэ

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар 5G технологи хэрэглээнд нэвтэрснээр харилцаа, холбооны боломжууд илүү нэмэгдэнэ гэж харж байна. Өөрөөр хэлбэл авто зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээ, онцгой байдлын зэрэг салбар бүрд нөлөөлнө гэж судлаачид үзэж байгаа юм. Томоохон компаниуд энэ оны эцэс, ирэх оны эхээр 5G технологио хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Швейцарын Давос хотноо болж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр ч энэ асуудал хөндөгдөх юм. Учир нь чуулганы үеэр "Технологийн засаглалыг тодорхойлох нь" сэдвийн хүрээнд 5G технологийн хөгжүүлэлтийн талаар хэлэлцүүлэг өрнөх хүлээлттэй байна. [Bloombergtv.mn]