Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 26, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
2018 оны 01 сарын 26

1. Ц.Нямдорж сайд 300 саяын “Lexus 570” унаж буйгаа хүлээн зөвшөөрөв

Хуульзүйн яамны гадаа зогсоосон 2018 оны шив шинэ 300 гаруй сая төгрөгийн үнэ бүхий “Lexus 570” маркийн автомашины зураг цахим сүлжээнд олны анхаарал өртөж, улмаар төрийн тансаглалд дургүйцсэн иргэдийн шүүмжлэлийн бай болов. Тэгвэл Монголд импортоор орж ирээд 10 хонож буй уг машиныг Хуульзүйн сайд Ц.Нямдорж хөлөглөж буйгаа өөрөө хүлээн зөвшөөрлөө. 2017 оны есдүгээр сард Лексус моторсоос цоо шинэ тансаг зэрэглэлийн “Lexus 570” буюу  “platinum signature” загварыг анх танилцуулсан. Танилцуулгын үеэр уг загварыг Арабын Нэгдсэн Эмират Улс буюу Дубайн баячуудад зориулан гаргасан тансаг зэрэглэлийн жийп гэдгийг тодотгон хэлж байсан юм. [Time.mn]  

2. 2017 онд аялал, жуулчлалын салбараас Монгол Улс 400 сая ам.долларын орлого олжээ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2017 онд улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчдын 86 орчим хувь буюу 469 мянган иргэн аялал, жуулчлалын зорилгоор Монгол Улсад иржээ. Энэ нь жуулчдын тоо өмнөх оноос 14.2 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Гадаадын жуулчдаас ОХУ-ын иргэдийн тоо 2016 оны мөн үеэс 27 орчим хувиар нэмэгдсэн бол БНХАУ-аас ирсэн жуулчдын тоо 30 хувиар өссөн байна. 2017 онд аялал, жуулчлалын салбараас Монгол Улс 400 сая ам.долларын орлого олж, энэ нь өмнөх оноос 21.9 хувиар өссөн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдээлсэн юм. [Bloombergtv.mn]  

3. Монгол Улсын 3 сая дахь иргэн 3 нас хүрлээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин гурван нас хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Одоогоос гурван жилийн өмнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-13 тоотод оршин суугч Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлж, тэрхүү бяцхан нярайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Монголжингоо" хэмээх нэр хайрласан билээ. [Gogo.mn]
 

4. Эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт төсвийн мөнгөөр засвар хийсэн хэргийг шалгаж байна

Улсын төсвийн 109 мянган төгрөгөөр  хувийн эзэмшлийн амралтын газарт засвар хийлгэсэн эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Энэ хэрэгт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан холбогдсон бөгөөд тэрбээр Тэрэлж дэх амралтын газарт засвар хийх нэрээр 109.4 сая төгрөгийг Батлан хамгаалах яамнаас гаргуулжээ. Харин дээрх амралтын газар нь түүний эхнэрийн эзэмшилд байдаг аж. 2015 оны 10 дугаар сард Б.Батсайхан нь яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон ч жил гаруйхны дараа суудлаасаа буужээ. Энэ хугацаанд улсад хохирол учруулсан дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй талаар АТГ-аас шалгаж байна. [Time.mn]

5. Ц.Амарбаясгалан 9 жилийн дараа рингэнд гарна

Мэргэжлийн кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан 9 жилийн дараа рингэнд гарч тулалдах шийдвэр гаргав. Тэрбээр ирэх хоёрдугаар сарын 10-нд Японы нийслэл Токио хотноо болох “Shoot boxing-2018” тэмцээнд хүч сорихоор болов. Түүний өрсөлдөгч нь Японы аварга Хокүто Кэнтаро хэмээх тулаанч юм. Тэрбээр мэргэжлийн рингэнд нийт 23 тулаан хийж, 18-д нь ялалт байгуулжээ. [Montsame.mn]