Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 29, 2018

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 01 сарын 29

Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутагт ажиллаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутагт ажиллаж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймгийн иргэдтэй уулзахаасаа өмнө тус аймгийн Өргөн сумын Их-Уул багийн нутагт өвөлжиж байгаа малчин айлаар зочиллоо. Дорноговь аймгийн хэмжээнд нийт 4167 өрхийн 72620 үхэр, 133213 адуу, 40722 тэмээ, 861363 хонь, 89322 ямаа, нийт 1.2 сая толгой мал өвөлжиж байгаа юм байна. Аймагт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвөлжилт  хүндэрсэн сум байхгүй байна. [President.mn]  

Агаарын бохирдол ихтэй бүсэд орших цэцэрлэгүүдэд 2.5 тонн цагаан идээ өглөө 

Сар шинийн баярыг тохиолдуулан “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэн худалдааны нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцсон юм. Тэрбээр “Томоохон баяр наадмын өмнө аймаг, орон нутгаас Улаанбаатар хоттой хамтран үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажил тогтмолжиж байна. Энэ нь орон нутгууд бие биенийхээ бизнесийг дэмжих, ямар нэгэн шат дамжлагагүйгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх маш сайн арга хэмжээ гэж үзэж байна” хэмээн хэлжээ. Үзэсгэлэн худалдааны үеэр НЗДТГ-ын зүгээс төвийн 6 дүүргийн агаарын бохирдол ихтэй бүсэд орших цэцэрлэгүүдийн хэрэгцээнд 2.5 тонн буюу 5 сая төгрөг бүхий цагаан идээг худалдан авч, цэцэрлэгийн эрхлэгч нарт гардуулав. [Ulaanbaatar.mn]

Зам талбайн үйлчлэгч нарыг халуун аарцаар дайлжээ

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийнхөн өчигдөр зам талбайн үйлчлэгч нарыг халуун аарцаар цайлжээ. Иргэдийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр цаг наргүй, халуун хүйтэнд ажилладаг зам талбайн үйлчлэгч нарыг хөдөлмөрийг үнэлэн тэд ийнхүү сэтгэлийн бэлэг барьсан байна. Тэд Баянгол дүүргийн “Шинэ өргөө” ОНӨАТҮГ-ын нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 50 гаруй ажилтнуудыг өглөө эртлэн ийн дулаацуулжээ. [Time.mn]  

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д П.Орхон гурван жил дараалан түрүүллээ

Чөлөөтийн томчууд чуулдаг “Бага дэлхийн аварга” хэмээгддэг Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д дэлхийн аварга Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон сүүлийн гурван жил дараалан түрүүллээ. 2016 онд домогт Каори Ичог ялж шуугиан дэгдээн түрүүлсэн тэрбээр Алтан Гранприд гурвантаа алтан медаль хүртлээ. [Gogo.mn]  

Олон улсын цасан баримлын тэмцээнд монгол уран бүтээлч тэргүүлжээ

АНУ-ын Колорадо муж улсын нийслэл Денвер хотод жил бүр уламжлан зохион байгуулагддаг Брекенрижийн олон улсын цасан баримлын тэмцээнд монгол уран бүтээлчид зургаа дах жилдээ оролцлоо. Тодруулбал, Монгол Улсаас хоёр баг ур чадвараа сорьж Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Х.Алтанхүү, Б.Цэдэвдорж, Э.Ууганцэцэг нарын уран бүтээлчид 'Нууц' бүтээлээрээ нэгдүгээр байр эзэлж, Ц.Батмөнх ахлагчтай уран бүтээлчид “Цаг хугацаа” сэдэвт бүтээлээр уран бүтээлчдийн нэрэмжит шагналтхүртсэн байна. [News.mn]