Цэцэрлэгтээ хурдхан явмаар байна...

Орон нутаг / Ц. Анхзул
2018 оны 01 сарын 30

Төв аймгийн Эрдэнэ сумын халамжийн 120 хүүхдийн цэцэрлэг шатсан харамсалтай хэрэг гарлаа. 17 жилийн өмнө элэгний хорт хавдраар өвдсөн сайхан сэтгэлт иргэн Ч.Юмдорж өөрийн хөрөнгөөр “Номин” цэцэрлэгийг байгуулжээ. Тэрээр 2009 онд цэцэрлэгтээ өргөтгөлийн барилга барьж өгөөд бурхан болсон байна. Ээжийнхээ энэ буянтай үйлийг үргэлжлүүлэн үр хүүхдүүд нь цэцэрлэгийн багачуудын хоол хүнс, нүүрс түлээний мөнгийг төлсөөр өнөөдрийг хүрч. Харамсалтай нь өнгөрсөн ням гарагийн шөнө гал гарч, цэцэрлэгийн барилга шатжээ. Галын талаар цэцэрлэгийн галч, манаач Ш.Гэрэлчулуунаас тодруулахад “Би найм дахь жилдээ галч, манаачаар ажиллаж байна. Тэр шөнө би галаа түлчихээд гэртээ ороод байж байтал сумын захиргааны галч гал гарч байгааг хэлсэн. Тэр дор нь захиргаа луу мэдэгдэж, Онцгой байдлынхныг дуудсан. Ингээд 01.20 цагаас өглөөний 08.00 цаг хүртэл ажиллаж галыг унтраасан. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа ч урьдчилсан байдлаар цахилгааны асуудлаар гал гарсан байх гэсэн” гэлээ.

Тус цэцэрлэгт хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, гэртээ аяга халуун хоол ч идэх боломжгүй амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд хүмүүждэг. Тиймээс цаг алдалгүй хүүхдүүдийг цэцэрлэгт нь явуулахын тулд сумын захиргаанаас сургуулийн хуучин байрыг суллан өгчээ. Түүнчлэн төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа цуглуулан хүүхдийн тоглоом, цагаан хэрэглэл, аяга таваг зэргийг бэлдсэн байна. Тэд маргаашаас хүүхдүүдээ хүлээн авахаар ажиллаж байгаа юм байна. Энэ талаар цэцэрлэгийн менежер Ш.Оюунцэцэгээс зарим зүйлийг тодруулсан юм. 

Танай цэцэрлэгт нийт хэчнээн хүүхэд хүмүүждэг вэ. Одоо хүүхдүүд гэртээ байгаа юу? 

Манай цэцэрлэгт 112 хүүхэд хүмүүждэг. Тэдний 80 хувь нь хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, мөн амьжиргааны түвшнээс доогуур айл өрхийн хүүхдүүд байдаг. Цэцэрлэгт гал гарахад азаар хэн нэгэн хүн өртөөгүй. Гэхдээ нэг ч эд зүйлийг галаас хамгаалж чадсангүй. Хүүхдүүд маань цэцэрлэггүй болж, гэртээ байгаа. Тиймээс хүүхдүүдээ цаг алдалгүй  цэцэрлэгт хамруулахын тулд сумын Засаг дарга Н.Мөнхсайхан шийдвэр гаргаж, сургуулийн хуучин барилгыг бидэнд суллаж өгсөн. Маргаашаас хүүхдүүдээ авч эхэлнэ. 

Хуучин барилгыг хүүхдүүд ямар хугацаагаар цэцэрлэг болгон ашиглах боломжтой вэ? 

Энэ байшинд сумын хэсгийн төлөөлөгч амьдардаг байсан. Мөн ТББ-ууд, эмийн сан зэрэг үйлчилгээний газрууд ч байсан. Төрийн байгууллагын эзэмшлийн барилга болохоор бид ашиглаад байж болохгүй. Ирэх хавар хүртэл бид цэцэрлэгээ энд байлгана. Хавраас шатсан цэцэрлэгийн барилгаа сэргээн засах, эсвэл шинээр барилга барих ажлыг хийж эхлэх бодолтой байна. Ард түмэн минь ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө биднийг дэмжээрэй гэж хүсье. 


“Номин” цэцэрлэгт таван сараас таван настай 120 хүүхэд хүмүүждэг. Тэд цаашид цэцэрлэгийн зориулалтгүй, хуучирч муудсан гуравхан өрөө байшинд байгаад байж болохгүй. Багачуудад эрүүл аюулгүй орчин,  шинэ цэцэрлэг хэрэгтэй.  Тэдний төлөөлөл дөрвөн настай Б.Болодбек “Цэцэрлэг шатчихсан болохоор бид гэртээ байна. Цэцэрлэгт явах их гоё. Бид цэцэрлэгтээ хурдхан явмаар байна” гэсэн юм.