Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 31, 2018

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 01 сарын 31

Татварын нэмэгдлийг хүчингүй болгохтой холбоотой хуулийн төслийг өргөн барина

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2018.01.30/ болж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Цалин, хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг хуучнаар нь буюу нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан байна. [Zasag.mn]

“Цэцэрлэг шатчихсан болохоор бид гэртээ байна...”

Төв аймгийн Эрдэнэ сумын халамжийн 120 хүүхдийн цэцэрлэг шатсан харамсалтай хэрэг гарлаа. 17 жилийн өмнө элэгний хорт хавдраар өвдсөн сайхан сэтгэлт иргэн Ч.Юмдорж өөрийн хөрөнгөөр “Номин” цэцэрлэгийг байгуулжээ. Тэрээр 2009 онд цэцэрлэгтээ өргөтгөлийн барилга барьж өгөөд бурхан болсон байна. Ээжийнхээ энэ буянтай үйлийг үргэлжлүүлэн үр хүүхдүүд нь цэцэрлэгийн багачуудын хоол хүнс, нүүрс түлээний мөнгийг төлсөөр өнөөдрийг хүрч. Харамсалтай нь өнгөрсөн ням гарагийн шөнө гал гарч, цэцэрлэгийн барилга шатжээ. [Time.mn]  

Элэг шилжүүлэх хагалгаанд орсон иргэний биеийн байдал сайн байна

Энэ сарын 28-нд Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Мэс засал долоон цаг үргэлжилсэн. Өвчтөний биеийн байдал сайн байгаа талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн өнөөдөр мэдээллээ.42 настай элэгний хорт хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Тэрээр өнөөдрөөс хоол идэж эхэлжээ. Тухайн өвчтөнд хамаатных нь хүн донор болсон бөгөөд биеийн байдал сайн, ердийн тасагт шилжжээ. Донор гурван сарын хугацаанд гам барих ёстой. Зургаан сарын дараа бие нь бүрэн хэвийн байдалд орно гэдгийг эмч нар хэлж байна. [Gogo.mn]

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн хамгаалалт хүсчээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийнх нь аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн төрийн хамгаалалт хүсчээ. Гэвч түүний хүсэлтэд одоо болтол хариу өгөөгүй байгаа аж. Энэ талаар О.Баасанхүү гишүүн “Тагнуулын ерөнхий газрын даргад гурван удаа, Нийслэлийн прокурорт мөн хандсан. Гэвч, танай намын дотоод асуудлыг бид шалгах шаардлагагүй гэсэн хариу өгч байгаа юм. Харин УИХ-ын гишүүн намайг утсаар “Ална, хутгална” гэж байхад хамгаалалт гаргаж өгөхгүй байгаа.” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр, “УИХ-ын гишүүн Ж.Батзанданд төрийн тусгай хамгаалалт гаргаж өгсөн учраас төрийн мөнгөөр тэр хамгаалагчаа дагуулаад Солонгос явж байна. Гэтэл адилхан УИХ-ын гишүүн намайг зөвхөн Эрдэнэт явахдаа жолооч гаргаж өгөх хүсэлт тавихад хүртэл огт хүлээж авахгүй байна.” гэжээ. [Eagle.mn]

“Хөх сувд-2018” мөсний баяр болно

“Хөх сувд-2018” мөсний баярыг Хөвсгөл нуурын мөсөн дээр ирэх 3 дугаар сарын сарын 3-4-ний өдөр болно. Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Хөвсгөл далай, энэ нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих зорилготой энэ баярыг зохиодог. Мөн орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэхээр “Хөх сувд” уламжлалт мөсний баярыг 19 дэх жилдээ зохион байгуулж байна. Мөсний баярт зөвхөн Монголчууд төдийгүй гадаадын жуулчид ирж оролцдог. Өнгөрсөн жилийн хувьд 10 мянга гаруй зочин хүрэлцэн иржээ. [Montsame.mn]