Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 30, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
2018 оны 01 сарын 30

Жолооч нь осгож нас барсан машин журмын хашаанд гурван сар байжээ

Журмын хашаанд байсан машин дотор жолооч нь осгож нас барсан хэрэг гарчээ. Машиндаа унтаж байсан хүнийг ачсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч эхлэв. Харин ачилтын компанийн зүгээс хүнтэй нь ачаагүй гэсэн тайлбар өглөө.Тухайн тээврийн хэрэгсэлийг 2017 оны аравдугаар сарын 20-ны өдөр журмын хашаанд авчирсан. Харин машиндаа осгож нас барсан гэх дуудлага 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Өөрөөр хэлбэл журамлагдаад 3 сарын хугацаанд машинаа аваагүй. Тэгэхээр машин дотроо байхад нь ачсан гэх мэдээлэл худлаа гэж ачилтын компаниас мэдэгдэж байна. [Time.mn]

Хуралдаа суудаггүй НИТХ-ын төлөөлөгчидтэй хариуцлага ярина гэв

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт  НИТХ-ын  ээлжит XVIII хурал хуралдсан. Тус хуралд НИТХ-ын 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 24 төлөөлөгч оролцсон буюу төлөөлөгчдийн ирц 53.3 хувьтайгаар хуралдсан юм. Хурлын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Өнөөдөр хуралд сууж байгаа 24 төлөөлөгчөөс гадна гадаадад томилолтоор яваа 6 төлөөлөгч байгаа, бусад төлөөлөгчдийг хуралдаа суулгах асуудлыг хоёр бүлгийн дарга анхаарч ажилла гэдгийг зориуд хэлье” хэмээжээ. Мөн хуралдаа суудаггүй мөртлөө цалин, урамшууллаа аваад явж байгаа төлөөлөгчидтэй хариуцлага ярина гэжээ. [Gogo.mn]

Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаанд “хасах муу” дүн тавьлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааны талаар АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд,  МАН-ын дарга У.Хүрэлсүх 100 хоногийн өмнө танхимаа бүрдүүлэхдээ юу ярьж, юу амлаж байсныг АН-аас нэхэн сануулав. Тухайлбал,  807.8 тэрбум төгрөгийг концессийн гэрээгээр Засгийн газрын гишүүд хувааж авсан тухай асуудал болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэгдсэн 60 тэрбумын асуудалд хариуцлага тооцно гэж хэлж томилогдсон У.Хүрэлсүх өнөөдөр тэр талаар таг дуугүй байгааг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай шүүмжлэв.   [Time.mn]

Хугацаа тавиагүй хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг сэрэмжлүүллээ

Цагаан сар дөхөж гадуур худалдан авалт ихэссэнтэй холбогдуулан МХЕГ-аас хяналт, шалгалж хийсэн байна. Шалгалтын явцад 12 иргэний 212 ширхэг нийт 381.600 мянган төгрөгийн хэвийн боов, есөн ширхэг нийт 72.000 мянган төгрөгийн еэвэнг газар дээр нь буцаан татан авалт хийлгүүлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. МХЕГ-аас иргэдийг он, сар, хугацаа тавиагүй хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг сэрэмжлүүллээ. [Eagle.mn]

Ирэх бямба гарагаас эхлэн тэгш, сондгойгоор явуулна

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар амралтын өдрүүдээр буюу 2018 оны 2 дугаар сарын 3, 2 дугаар сарын 10-ны “Бямба” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн, 2 дугаар сарын 04, 2 дугаар сарын 11-ний “Ням” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохион байгуулалтын арга хэмжээг авлаа. [Ub.life]