Монголын бартаат замаар скүүтэрээр аялсан нь

Нийтлэл / Нийслэл guide
2018 оны 01 сарын 31

2015 онд Монгол орны нутаг дэвсгэр дээгүүр скүүтэрээр аялсан өвөр монгол залуу Х.Дурсгалаас одоо ч хүмүүс тэр аяллынх нь тухай асуудаг. Элс шавар, гол устай хөдөөгийн замаар засмал замд зориулагдсан скүүтэрээр аялна гэдэг санаанд багтамгүй байгаа биз?!

Монгол орноор мотоциклоор аялсан хүмүүсийн тухай сонсож байснаас биш скүүтэрээр аялсан тухай сонсож байсангүй. Хэр зэрэг бэрхшээл туулсан бэ?

Би гурван жилийн өмнө мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхээ авч, Монголоор аялах бүх боломжийг судалж эхэлсэн. Монголоор мотоциклтэй аялсан хүмүүсийн бичлэгийг Youtube-ээс үзэж, хэзээ нэгэн цагт тэдэн шиг салхи татуулан давхихыг мөрөөддөг байлаа. Гэвч надад мотоциклын оронд скүүтэр, эсвэл мопедоор аялбал илүү сонирхолтой санагдсан юм. Ингэж болох эсэхийг монгол найзуудаасаа асуухад бүгд л “боломжгүй” гэж хариулан урам хугалж байлаа. Гэвч Бээжингээс Төвөд рүү засмал замаар скүүтэрээр аялаад ирсэн хүний тухай сонсоод, “Төвөд рүү скүүтэрээр явж болж байгаа юм чинь Монгол руу ч явж болох юм байна” гэж бодоод сэтгэл шулуудсан. Хилээр нэвтрэх бичиг баримтыг бүрдүүлэхэд цаг их орж, түвэг чирэгдэл үүсч байсан ч би бууж өгөөгүй. Мэдээж бэрхшээл олон байсан. Жишээ нь, өдөржин хамгаалалтын малгайтай давхихад хүзүү, мөр чилж, толгойгоо даахгүй шахам болдог байлаа. Зарим үед зах хязгааргүй талыг хэзээ ч туулж барамгүй санагдаж, өөрийгөө юунд энэ хол скүүтэртэй явдаг байна гэж зэмлэнэ. Байнга л майханд хононо. Алжаалаа тайлж, халуун усанд орох боломж хомс. Мөн камер, гөү-про, гар утсаа цэнэглэхийн тулд янз бүрийн арга сүвэгчлэх нь энүүхэнд. Аяллын үеэр гайхалтай үзэмжтэй байгаль нүдний өмнө харагддаг байлаа. Зам зуур эртний булш тааралдах, эрчлэн гүйж буй гөрөөстэй уралдах, эсвэл танихгүй хүн гар даллахад сэтгэл сэргэж, энэ насандаа ингэж аялах учиртай байж гэж итгэх болсон.

Скүүтэртэй аялахад юуг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй вэ?

Зам зуур олон гол таардаг болохоор скүүтэрийн моторт ус орохоос болгоомжлох хэрэгтэй. Хэрэв мотор руу ус орвол задалж янзална. Засмал замд зориулагдсан скүүтэрээр хөдөөгийн шороон замаар явах нь бараг боломжгүй зүйл. Тиймээс хоёр дугуйгаа аль болох их хийгээр дүүргэж, өндөрсгөснөөр хэдэн мянган километрийг туулж чадсан. Мөн зарим хэт бартаатай замаар мориор, машинаар явахаас өөр арга байгаагүй. Хэрэв тэгэхгүй бол скүүтэр маань салж унах байлаа.

Ингэхэд ямар маршрутаар хэд хоног аялсан бэ?

Анх Монголын баруун аймгуудаар явах зорилготой байсан ч олон шалтгаанаас болж бүгдэд нь хүрч чадаагүй. Аялал маань Бээжингээс эхэлж Эрээн хот, Замын-Үүдээр дамжин Хамрын хийд, Хар зүрхний хөх нуур, Улаанбаатар, Элсэн тасархай, Хархорин, Чулуутын гол, Хоргын тогоо, Хөвсгөл нуур гэж явсаар Зүүн тайга хүрээд буцаж, Мөрөн, Эрдэнэтээр дамжин Улаанбаатарт ирээд, урагшаа Их газрын чулуу, Цагаан суварга, Ганц модоор дамжин Өвөр Монголын Баяннуур аймагт очсон. Дараа нь өөрийн төрсөн нутаг Баянхуа балгаст хүрч, тэндээсээ Хөх хотоор дамжин Бээжин рүү буцаж ирсэн. Нийт 37 хоног аялж, 8000 км зам туулсан.

Аян замдаа Монголын тухай огт мэддэггүй байсан ямар зүйлстэй учрав?

Энэ аяллаас өмнө зөвхөн ажлын шугамаар л Улаанбаатар орж байсан. Монголын хөдөө нутгийн тухай бараг мэддэггүй байлаа. Говьсүмбэр аймагт очоод өвөр монголчуудын сонсож өссөн үлгэрт гардаг Сүмбэр уулыг нүдээр үзлээ. Үлгэрт “Сүмбэр уулыг дов байхад, сүн далайг шалбааг байхад” гэж гардаг даа. Замд тааралдсан өндөр настай эмээ надад “Сүн далайн жинхэнэ нэр нь Цайдамын цагаан нуур юм шүү дээ” гэж хэлж байлаа. Энэ мэтээр гарал угсаатай минь холбоотой нандин мэдлэгүүдийг олж авлаа. Түүнчлэн Монголын нууц товчоон дээр гардаг Бурхан халдун ууланд очиж, энгэрт нь нэг шөнийг өнгөрүүлсэн.

Хөдөөгүүр аялж байгаа хүмүүсийг “нутгийн индианууд” жаахан оролдох гээд байдаг тал бий. Тантай ийм явдал тохиов уу?

Тэгсэн. Санаанаас гардаггүй юм. Хөвсгөл аймагт явж байхдаа голын хөвөөнд монгол ах нартайгаа хамт сууж байгаад нутгийн загасчидтай танилцсан юм. Тэдэнтэй хамт хоол идэж, архи ууж жаахан халцгаасан. Тэгтэл тэд заан цолтой нутгийн бөхөө дуудан ирүүлж, нөгөөх нь архиндаа халчихаад маргаан үүсгэж, зодоон хийх шалтаг хайгаад байсан. Ах нар маань тэр хүнийг айлгаж, хөөж явуулсан болохоор азаар ямар нэгэн асуудал үүсээгүй ээ.

Таныг гайхшируулж, сүүрс алдуулсан байгальтай ямар нутаг таарав?

Хэнтий Хангайн нуруу, Хөвсгөл далай, цаатангуудын амьдардаг тайга хэдэн мянган жилийн өмнөх төрхөө хадгалж ирсэн санагддаг. Би цаатангуудтай хамт нэг хонохдоо ёстой л “соёлын шок” гэгчийг мэдэрсэн шүү. Долоон цаг мориор явж байж цаатангуудын амьдардаг уулын хотгорт хүрсэн юм. Замдаа бороонд цохиулж их даарсан боловч борооны дараах солонгын өнгө гэрэл онгон байгалийн үзэмжтэй сүлэлдэж, цаа бугануудын үсэн дээр тогтсон шүүдэрт гялтганаж байлаа. Яг л диваажинд очсон юм шиг санагдсан.

Өвөр Монголын байгаль Монголын байгальтай юугаараа адил, бас юугаараа өөр вэ?

Хил залгаа нутгууд болохоор байгаль орчны хувьд их адилхан. Ялгаатай зүйл гэвэл Өвөр Монголд шинэ засмал замууд ихтэй, хөдөөгийн бэлчээр газруудыг төмөр тороор хязгаарласан байдаг. Би скүүтэрээр Шилийн голоос Эрээн хот орох замдаа төмөр торон дунд төөрч, замаа олохгүй бухимдаж байлаа. Гэвч засмал зам ихтэй болохоор скүүтэртэй аялахад илүү тохиромжтой. Харин Монголд хязгаарлагдмал байдал үгүй, үзэх юм ихтэйгээрээ давуу талтай ч зам нь маш хэцүү.

Хүмүүс аялалд гарснаар өөрийгөө шинээр нээдэг гэдэг. Та урьд нь мэддэггүй байсан ямар чанараа олж харсан бэ?

Дэлхий ертөнцийг танихын тулд биеэр туулж мэдрэх хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Энэ аяллын дараа миний нүд нээгдсэн гэж болно. Тэр мэдрэмжийг би зурагт, гар утас, ном бичгээс олж авах боломжгүй байлаа. Би бэрхшээлтэй, бартаатай замыг даван туулж чадсан учраас ахуй амьдралын асуудлуудыг асуудал гэж харахаа больсон. Хожим нь энэ аяллынхаа тухай кино хийх хүсэлтэй байна. Скүүтэртэй аялснаараа би өөртөө дэндүү олон нээлт хийсэн.

Хөх хотоор аялахад ихэнх залуучууд монгол хэлээ мэдэхгүй байсан. Харин та монголоороо маш сайн ярьж байна. Эх оронч үзлийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Хятадын бага ястангууд хэр зэрэг эх оронч үзэлтэй бол?

Монгол хэлээр ярьдаг өвөр монголчууд улам л цөөрч байгаа. Ажил, амьдрал дээр тогтмол хэрэглэгддэггүй болохоор олон хүн эх хэлээ мартаж байна. Дунд сургуульд сурч байхдаа би ч бас “хэрэггүй” гэж бодоод монгол хэлээ хаях шахсан. Харин оюутан болоод монгол багш нараар хичээл заалгаж, огт өөр үзэл бодол төлөвшсөн. Би олон сайн монгол багш, ах, эгч, найз нөхөдтэй учирсан болохоор монгол хэлээ уйгагүй сурах болсон юм. Хэрэв тэдэнтэй танилцаагүй бол би эх хэлээ сурахгүй орхих байлаа. Би монгол соёлыг ойлгож, судлах тусам үндэстнийхээ соёлыг ойлгож, омогшдог болсон. Иймээс би үр хүүхдүүддээ заавал монгол хэл сургана гэж боддог. Бид өвөр монгол үндэстнийхээ өвөрмөц онцлогийг хадгалж үлдэх хэрэгтэй. Учир нь, бидэнтэй адил үндэстэн энэ дэлхий дээр үгүй шүү дээ. Хятадад 56 бага ястан амьдардаг. Зарим ястангууд ажил, амьдралын эрхшээлээр өөрийн соёлоос тасарч, орчин үежсэн байдаг. Энэ утгаараа тэд яг л америкчуудтай адил гэж хэлж болно. Хятадад монгол сургуулийг төгссөн хүүхдүүдэд ажил олоход бэрх байдаг. Тийм болохоор багаасаа хятад хэл сурах зайлшгүй хэрэгтэй болдог.

Та Бээжинд ажиллаж, амьдардаг. Таны ажил аялал жуулчлалтай нягт холбоотой. Бээжин дэх түнш, үйлчлүүлэгчдэдээ Монголын талаар хэрхэн танилцуулдаг вэ?

Би скүүтэртэй аяллынхаа тэмдэглэлийг www.mafengwo.com аялал жуулчлалын цахим хуудас дээр 300 гаруй зургийн хамт гаргаж байлаа. Миний тэмдэглэлийг 100 мянга гаруй хүн үзэж, уншсан учраас нүүр хуудас дээр нь гарч, амжилт дагуулсан. Энэ аяллын тухай уншаад Монголыг зорьсон хүмүүс цөөнгүй. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл, өнөөдөр онлайнаар ямар ч мэдээг цаг алдалгүй авах боломжтой болжээ. Иймд, зэргэлдээ байгаа Монгол, Хятад хоёр улс бие биеийнхээ тухай судалж, аялал жуулчлалаа улам хөгжүүлэхэд ямар ч бэрхшээл байхгүй.

Бээжин хот аялал жуулчлалдаа хэр зэрэг анхаарч, хөгжүүлдэг вэ. Шинэлэг, сонирхолтой арга барил, үйлчилгээнүүдээс нь танилцуулна уу. Эдгээрээс Улаанбаатар хотын аялал жуулчлалд хэрхэн ашиглаж болох вэ?

Бээжин дэд бүтцээ байнга сайжруулдгаас гадна гадаадын жуулчдад найрсаг, ээлтэй хот байхыг онцгойлон анхаардаг. Тухайлбал, англиар бичээгүй тэмдэгжүүлэлт гэж үгүй. Миний бодлоор, хэрэв хятадуудад Монголын аялал жуулчлалыг улам их сурталчилбал маш ашигтай байж чадна. Хятад хэлтэй хөтөч, хятадуудын зан дадалд нийцсэн маршрут, хоол ундыг нь тохируулахад л болно. Одоогоор хятадууд Монголыг Хойд Солонгосоос ч дутуу мэддэг. Нөгөөтээгүүр, Монгол улс визний шаардлагуудаа сулруулах хэрэгтэй гэж боддог. Хятадууд монголын визийг маш үнэтэй авдаг. Түүнчлэн аялал жуулчлалын виз авахад бэрхшээл их тулгардаг. Бусад орнуудтай харьцуулбал е-визэнд орох боломж байдаггүй. Гэхдээ манай хоёр улсын харилцаа жилээс жилд сайжирч байгаа нь мэдрэгддэг. Тийм биш бол би Монголоор скүүтэртэй чөлөөтэй аялж чадахгүй байх байлаа. Монголчууд Замын- Үүдийг яагаад Эрээн хот шиг хөгжихгүй байна вэ гэж асуух нь элбэг. Би үүнийг визтэй л холбож тайлбарладаг юм. Хэрэв Замын-Үүд рүү визгүй зорчих эрх олговол бизнес улам цэцэглэж, Эрээн дэх дэлгүүрүүд Замын-Үүдэд нээгдэж, монголчууд Эрээн рүү явах шаардлагагүй болно.

Ажлынхаа шугамаар Монголтой холбоотой ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх бодол бий юу?

Би монголын нийгэм, соёлын тухай танилцуулсан номыг хятад хэлээр бичиж байна. Хэрэгцээтэй мэдээлэлтэй байлгахын тулд Улаанбаатар хотод юу үзэж, хаана хоол идэж, хаагуур дэлгүүр хэсч, буудаллаж болох тухай мэдээлэл цуглуулж эхэлсэн. Дөрөвдүгээр сард номоо гаргаж, уншигчдад хүргэнэ. Монголоор хэрхэн мотоцикл, скүүтэрээр аялах талаар хүмүүс надаас одоо ч асуудаг болохоор энэ ном тэдэнд туслана гэдэгт итгэлтэй байна. 

Нийтлэлийг: З.Золбоот
Эх сурвалж: "НийслэлGuide" №68/ 2018 1, 2 дугаар сар