Д.Сумъяабазар: “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжилж болзошгүй

Ярилцлага / Time Admin
2018 оны 02 сарын 01

Уул уурхайн сайд Д.Сумъяабазараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Стандарт” банктай холбоотой асуудлаар тодрууллаа.

Английн “Стандарт” банкинд төлөөгүй зээлийн улмаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгийг битүүмжилж байгаа тухай мэдээлэл гарлаа. Зээлийг хэрхэн шийдэх вэ?

Энэ зээлийг яаралтай шийдэх ёстой. Тэгж байж “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэвийн ажиллагаа, цаашлаад Монгол Улсын болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэр хүндийн асуудал яригдана. Энэ дээр мэдээж итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцаж байгаа улсууд ажиллаж байгаа. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжлээд хаасан гэж хэлэх нь учир дутагдалтай. Сэтгүүлчид маань энэ тал дээр нийгэмд мэдээлэл түгээхдээ болгоомжтой хандаарай. “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжлэх, үйл ажиллагаанд нь сөрөг үр дагавар гарч болзошгүй байгаа. Үүнийг хариуцаж байгаа хүмүүс нь анхааралдаа авсан.

-Тэгэхээр 100 сая ам.долларыг төлөхөөс аргагүй юу?

Ер нь 51 сая долларын зээлийн асуудал байгаа. Энэ нь хүү, торгуультайгаа нийлээд 102 сая доллар болоод байна. Бараг сардаа 870-900 мянган долларын хүү, торгуулийн асуудал яваад байгаа юм билээ. Гэхдээ энд юу юугүй 100 сая доллар төлөх нь хаашаа юм. Асуудлаа ярилцах, буцаад 51 сая ам.доллараасаа дээш, доош ярилцах асуудал байгаа гэж бодож байна.  

-Энэ асуудлын хариуцагч нь Засгийн газар болох уу?

“Эрдэнэт үйлдвэр”-ээс баталгаа гаргаад гарын үсэг зураад өгчихсөн л асуудал юм. Мэдээж “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргаад өгчихсөн юм чинь хариуцагч нь Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Тэгэхээр Засгийн газар төлөөлж оролцох нь ойлгомжтой.