Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 2 дугаар сарын 1, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
2018 оны 02 сарын 01

АН-ын жагсаалыг МАХН дэмжиж байна

АН-ын гишүүд болон МАХН-ын төлөөлөл өнөөдөр болох жагсаалынхаа талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Жагсаал хийх болсон шалтгаанаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Өнгөрсөн хоёр жилд өрийг өрөөр дарсан, амлалтаас амлалт руу шилжсэн жилүүд байлаа. Хоёр жилийн хугацаанд эрх баригчдын хийсэн ажил, иргэдийн сэтгэлд нийцсэн ямар ажил байна вэ гээд бодохоор юу ч алга.” хэмээн хэлсэн юм. Хурлын үеэр МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Цагаан сарын дараа МАХН тэмцэл хөдөлгөөнүүд өрнүүлнэ гэв. [Time.mn]

Төсвийн нээлттэй байдлын индексээр Монгол Улс 100 онооноос 46 оноо авчээ

Төсвийн нээлттэй байдлын дэлхийн индексээр Монгол Улс 100 онооноос 46 оноогоор үнэлэгджээ. “International Budget Partnership” байгууллага энэхүү индексийг тодорхойлохдоо Засгийн газар найман төрлийн төсвийн үндсэн мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлж буй эсэхийг олон улсын төсвийн нээлттэй байдлын сайн туршлагын стандартын дагуу судалгаагаар тогтоодог байна. [Medee.mn]

Драгон төвийн вокзалыг “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэхээр судалж байна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-ын өнөөгийн байдлын талаархи мэдээлэлтэй танилцаж, импортын автомашины бүртгэлийг зөвхөн уг цогцолбор дахь Автотээврийн үндэсний төвийн салбарт хийж байхыг салбарын яаманд даалгав. Мөн Драгон төвийн урд байх орон нутгийн зорчигч тээврийн вокзалыг хоёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх, Сонсголон өртөөнөөс цогцолбор хүртэл 2.5 км төмөр замыг сэргээн засварлаж ашиглалтад оруулах боломжийг судалж шийдвэрлэхийг судалж танилцуулахыг үүрэг болгов. [Zasag.mn]  

НӨАТ-ын буцаан олголтод нийт 78.1 тэрбум олгоно

2017 оны НӨАТ-ын буцаалт иргэдийн дансанд орж эхэллээ. Өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар мэдээлэл хийж, Монголбанкаар дамжуулан иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэх талаар мэдэгдсэн. НӨАТ-ын буцаан олголтын хүрээнд нийт 654 168 иргэний дансанд 78.1 тэрбум төгрөг шилжүүлэх юм. [Gogo.mn]

Э.Амартүвшин “International Opera Awards”-д нэр дэвшчээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин “2018 International Opera Awards”-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшчээ. Дэлхийн “Opera Awards” нь ирэх дөрөвдүгээр сарын 9-нд дүнгээ танилцуулж, улаан хивсний ёслолыг зохион байгуулах аж. Э.Амартүвшинг дуурийн урлагийн нөлөө бүхий томчуудын санал хүсэлтээр энэхүү шагналд нэр дэвшүүлжээ. [Eagle.mn]