Үндэсний брэндийн түүх: “ОЙРД” БРЭНД

Нийтлэл / Нийслэл guide
2018 оны 02 сарын 01

Арьсан эдлэлийг өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөр, ур ухаанаа шингээн бүтээгч залуусын давалгаа үргэлжилсээр. Тэдний бүтээлүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч хэн бүхний хэрэглээ болж байгаа нь таатай. Бүтээгч залуусын нэг болох “Ойрд” брэндийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатартай танилц!

МИНИЙ ТУХАЙ 

Би КТМС-д компьютерийн техник хангамжийн инженер мэргэжлээр суралцсаныхаа дараа 2014 онд МУИС-ийг мөн л компьютерийн мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ хувийн компанид ажиллаж байхдаа нэг л баригдмал байгаагаа мэдрээд ажлынхаа хажуугаар арьсаар төрөл бүрийн жижиг зүйлс хийж эхэлсэн юм. Ер нь энэ чиглэлд дуртай. Ингээд л өөрийн гэсэн томоохон брэнд бүтээхээр шийдсэн.

БРЭНД ҮҮССЭН ТҮҮХ

Брэндээ “Ойрд” гэж нэрлээд 2014 оноос хойш тууштай ажиллаж байна. Би ойрд гаралтай хүн. Тиймээс өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүн хийж эхэлбэл ингэж нэрлэнэ гэж боддог байлаа. Үйлдвэрийн аргаар элдэв хээ оруулсан цүнх элбэг байдаг болохоор тэднээс ялгарахын тулд цүнхэндээ гар ажиллагаа, ялангуяа гар урлал түлхүү оруулж байгаа.

ХҮНИЙ ХЭРЭГЛЭЭ БҮГД БАГТСАН “ҮҮРГЭВЧ” 

Би өмнө нь хэд хэдэн удаа гадагшаа явж байхдаа гадаадууд ганцхан чемодантай явдгийг анзаарсан юм. Олон зүйл барьж явахгүй байх нь хэнд ч амар. Үүн дээр үндэслээд шинэ загвар гаргаж бүтээл болгоё гэж бодсон. Нэг үүргэвч үүрээд зорьсон газраа хүрснийхээ дараа үүргэвчнийхээ хажуу талын жижиг цүнхийг салгаж хэрэглэх байдлаар бодож хийсэн нэг загварыг хамгийн сүүлд гаргалаа. Салах жижиг цүнх нь халаас шиг харагдана.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ 

Би юуг ч дуурайж хийдэггүй. Дотроо бодож байгаагаа л гаргадаг. Ингэхдээ гар урлалыг хэрэглээтэй уялдуулахыг зорьж байна. Сийлбэртэй цүнх маш хүнд болдгоос гадна үнэтэй технологи учраас би хөнгөн арьсан дээр, загвартаа тохируулаад цомхон сийлбэр хийж, хүний хэрэглээнд илүү ойртуулдаг. Цүнхний оосор бол цэвэр миний гаргасан загвар, өөр хаана ч давтагдаагүй. Хүмүүс миний цүнхийг гоё өнгөтэй гэж хэлдэг. Тэгэхээр өнгө будгийн сонголт бас өвөрмөц юм болов уу. Би бүтээгдэхүүнийхээ загварт нөлөөлөхгүйн тулд логогоо хаана тавихаа маш сайн боддог, бүр цүнхнийхээ дотор талд тавих тохиолдол ч бий. Үүнээс өөр зүйл дагалдуулах дургүй.

МИНИЙ ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Сүүлд гаргасан загвар шигээ багц цүнхний хэд хэдэн загвар гаргана гэж бодож байгаа. Гэхдээ дугуйтай загвар байх болов уу. Мөн бүтээгдэхүүнээ илүү бизнес класс загвартай гаргана. Хамгийн анх гаргаж байсан дугуй цүнхээ ч хос болгож гаргах төлөвлөгөө бий. 

Нийтлэлийг: Б.Болортуяа
Эх сурвалж: "НийслэлGuide" №68/ 2018 1, 2 дугаар сар