“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувийг 2.5 сая ам.доллараар буцаан худалдаж авна

Эдийн засаг / Time Admin
2018 оны 02 сарын 01

1995 онд Засгийн газар Монголын цахилгаан холбоо компанийн 40 хувь болох 10 сая гаруй ширхэг хувьцааг 4.5 сая ам.доллараар БНСУ-ын “Корей Телеком” компанид худалдаж байсан юм. Харин өдгөө Засгийн газар 40 хувийг эргүүлээд худалдаж авахаар болжээ.

Алдагдалтай ажиллаж байсан Монголын Цахилгаан Холбоо компанийн нэг хэсгийг Солонгосын компанид зарсны дараа үйл ажиллагаа нь жигдэрч, мөн Корей Телеком компани ч ашгаа нөхөж чадсан гэдэг. Харин БНСУ-ын компанид үүрэн телефоны тусгай зөвшөөрөл өгөхөөр тохиролцсон асуудал ажил хэрэг болж чадаагүй учраас манайхаас худалдан авсан хувьцаагаа зарахаар шийдсэн бололтой. 

Буцаан худалдаж авах гэрээг дөрөвдүгээр сарын 30-нд байгуулахаар холбогдох материалыг бүрдүүлж байгаа талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдэгдлээ. Ингэхдээ Монголын Хөрөнгийн бирж дээр байгаа Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн нэгж хувьцааны үнэлгээн дээр тулгуурлан Солонгосын талаас тавьсан саналын дагуу 2,5 сая ам.доллараар худалдаж авахаар болсон байна. 

Монголын цахилгаан холбоо ХК-ийн хувьцааны 56.4 хувь нь төрийн өмч бол 5.33 хувь нь Хөрөнгийн зах зээл дээр арилжигдаж байгаа юм. Тэгвэл Засгийн газраас Солонгосын компаниас 40 хувийг нь худалдаж авсны дараа жижиг хувьцаа эзэмшигчдээс хувьцааг нь худалдаж авах санал тавина. Цаашдаа тухайн компанид менежмент хийн, үнэ цэнийг нь нэмэгдүүлэн, эргээд Хөрөнгийн зах зээл дээр олон нийтэд хувьцааг нь гаргахаар төлөвлөж байгаа юм байна.