Б.Батзориг: 2020 он гэхэд 21 аймагт 100 үйлдвэр байгуулна

Эдийн засаг / Time Admin
2018 оны 02 сарын 01

Засгийн газрын хуралдаанаар ”Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрт уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад салбарыг хамарсан 100 үйлдвэрийг 21 аймагт барина. Эхний шатыг 2018-2019, хоёрдугаар шатыг 2019-2020 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх юм байна. 

Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа солонгоруулж, ХАА-н салбараа хөгжүүлэн, экспортыг орлох дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох тухай олон жил ярьж байгаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд цаасан дээр бичигдэж, яригдаж ирсэн асуудлыг ойрын хоёр жилийн хугацаанд ийнхүү шаргуу төлөвлөсөн нь сайхан мэдээ гэхээсээ илүүтэй, бодитой, тооцоо судалгаатай, оновчтой ажил хэрэг болж чадах болов уу гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Нөгөө талаас үйлдвэрлэлийг дагаад түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлт, эрүүл ахуй, тээвэрлэлт зэрэг бусад асуудлуудыг дагалдуулаад цогцоор нь шийдэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг эдийн засагч хэлж байгаа юм.