Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 2 дугаар сарын 2, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
2018 оны 02 сарын 02

АН-ын жагсаалд 30 мянган иргэн оролцжээ

АН-аас бүх нийтийн жагсаалыг зохион байгуулж, Баруун дөрвөн замаас Төрийн ордон хүртэл төв замаар ахлав. Мөн зарим орон нутагт ч жагсаал болов. Жагсаалд нийт 30 мянган иргэн оролцсон гэж АН-аас албан бусаар мэдээлж байгаа юм. Нийслэл хотод болсон жагсаалд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, АН-ын үүрийн гишүүд болон ард иргэдийн төлөөлөл нэгдэн татварын нэмэгдэл, агаарын бохирдол, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг асуудлаар эсэргүүцлээ илэрхийлсэн юм. [Time.mn]  

Жолооч нар татвараа онлайнаар төлөх боломжтой

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. Энэ жилээс иргэд татвараа цахимаар төлөх боломжтой болжээ. Тодруулбал, авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой. [Gogo.mn]  

“Рио Тинто” Монгол Улсад төлөх ёстой 230 сая ам.долларын татвараас зугтсаныг илчиллээ

Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг “Рио Тинто” группын эзэмшлийн “Turquoise Hill Resources” компани Канад, Монголд 700 сая ам.долларын хохирол учруулсан гэж Голландын SOMO групп мэдээллээ. SOMO групп нь Голландын Засгийн газар болон Европын холбооноос санхүүжиж, Үндэстэн дамнасан корпорациудын санхүүд задлан шинжилгээ, дүгнэлт хийх чиг үүрэгтэй ашгийн бус байгууллага юм. 700 сая ам.долларын 470 сая нь уул уурхайн хүнд механизм худалдаж авахтай холбоотой асуудлаар Канад улсад учруулсан хохирол, 230 сая нь Монгол Улсад учруулсан татварын хохирол ажээ. [Eagle.mn]  

Халаасны хулгайн 90 хувийг гар утасны хулгай эзэлдэг гэв

Манай улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 39.2 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг аж. Үүний 87.7 хувийг айл гэр, аж ахуйн нэгжид халдсан хулгай эзэлдэг аж. Мөн халаасны хулгайн гэмт хэрэг нэлээд хувийг эзэлдэг. Үүнээс 90 орчим хувийг гар утасны хулгай эзэлдэг байна. Эдгээр хулгайн гар утас барьцаалан зээлдэх төвд очдог нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ. [Medee.mn]

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр 3,5 метрийн диаметртэй том тогоонд цуйван хийнэ

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран энэ амралтын өдрүүдэд хийнэ. Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Мөн 3,5 метрийн диаметртэй том тогоонд мастер тогооч нар цуйван хийж хоолны шоу үзүүлбэр үзүүлнэ гэв. [Ulaanbaatar.mn]

Хятад болон Их Британи хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохирлоо

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар худалдаа, хөрөнгө оруулалт болоод бусад салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ Бээжингийн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. [Montsame.mn]  

Трамп БНАСАУ-ын эсрэг газрын тосны хориг арга хэмжээ авбал ДАЙН дэгдэнэ

Дональд Трамп БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авбал Ким Чен Ун Америктай дайн зарлана гэдгийг ОХУ-аас анхаарууллаа. Тодруулбал, БНАСАУ дахь ОХУ-ын төлөөлөгч Александр Мацегора АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампд хандаж, Кимийн дэглэмийн эсрэг “газрын тосны нийлүүлэлт”-ийг тойрсон хориг арга хэмжээ авахгүй байхыг сэрэмжлүүлж “Хэрэв газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг зогсоох юм бол БНАСАУ-д бүрэн хориг тавьж байна гэсэн үг. Ийм арга хэмжээ авбал БНАСАУ Америктай дайн зарлана” гэжээ. [Time.mn]

АНУ-ын цэргийн даргын авлигын дуулианд монгол биеэ үнэлэгч холбогджээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч асан Трой Амундсон гэгчийг авлигын хэрэгт буруутган, шалгаж эхэлсэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ. Мөн 2012 оны есдүгээр сараас 2013 оны аравдугаар сар хүртэл “Glenn Defense Marine Asia” компанийн захирал Леонард Гленн Францис командлагч эрийн оройн хоол, тээвэр болон бусад зугаа цэнгэлийн зардлыг нь төлж байжээ. “Уг зардал дунд биеэ үнэлэгч авсан зардал хүртэл багтсан” хэмээн Амундсон мэдэгдлээ. Тухайлбал командлагч эрийг зугаацуулж байсан бүсгүйчүүдийн дунд Монгол бүсгүйчүүд бий гэнэ. [Shuud.mn]

Чежүд “харласан” иргэдийн тоо 10 мянга дөхжээ

Өмнөд Солонгосын Чежү аралд аялал жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх бодлого баримталж, аялал жуулчлалын чөлөөт бүс байсаар ирсэн. Тэгвэл сүүлийн жилүүдэд хууль бусаар амьдарч, ажиллаж байгаа гадаадын иргэдийн тоо эрс нэмэгдэх болсон байна. Тус улсын Хууль зүйн сайдын мэдэгдсэнээр Чежүд хууль бусаар амьдарч буй гадаад иргэдийн тоо 10 мянга дөхсөн нь сүүлийн таван жилд 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ. [News.mn]

Спортын эмч 265 охиныг хүчирхийлсэн болох нь тогтоогдлоо

АНУ-ын спортын эмч байсан Лари Нассарын бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын тоо 265-д хүрсэн гэж Мичиганы шүүгч мэдэгдлээ. Прокуроруудын хэлснээр, энэ долоо хоногт 65 хохирогч 54 настай Нассарт хүчирхийлүүлж байсан гэдгээ шүүхэд мэдүүлсэн байна. [Time.mn]