С.Сүх-Очир: Нийслэлийн залуучуудын 10 зөв дадлыг сурталчлах аян өрнүүлж байна

Ярилцлага / Time Admin
2018 оны 02 сарын 02

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой “Хотын соёл” сэдвээр ярилцлаа.

- Хотод хүн амын нятрал байх ёстой хэмжээнээсээ хэд дахин давсан байгаа. Тиймээс сүүлийн үед хотын соёлыг хэвшүүлэх талаар их ярих боллоо. Энэ чиглэлээр та бүхэн залуучуудад хандсан ямар ажлууд хийж байна вэ?

Статистикийн газраас гаргасан мэдээнээс үзэхэд 2016-2017 оны байдлаар нийслэл Улаанбаатар хотод нийт 1,326,185 иргэн амьдарч байна гэсэн тоо баримт бий. Ингээд бодохоор нийт хүн амын бараг тал хувь нь нийслэлд амьдарч байна. Таны хэлснээр хэт их төвлөрөлтэй холбоотой олон асуудлууд гарч байгаа нь үнэн. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас залуучуудад хотын соёлч иргэний хандлага, зөв дадал хэвшлийг бий болгохоор “Нийслэлийн залуучуудын 10 зөв дадал”-ыг сурталчлах аян өрнүүлж байна. Аянтай холбоотойгоор нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж, эхний сургалтуудаа зохион байгуулсан. Тус сургалтад суусан залуучууд 10 зөв дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болж байгаа юм. Хүн өөрийн амьдарч байгаа гэр орноо хайрладаг шигээ “Миний Улаанбаатар хот” гэсэн сэтгэхүйгээр хандаж байгаасай гэж залуучууддаа уриалдаг. “Хандлага халдварладаг” гэсэн үг байдаг. Энэ сургалтад суусан залуучууд маань эхнээсээ өөрсдийгөө эерэгээр өөрчлөөд эхлэх юм бол эргэн тойронд байгаа хүмүүс нь дагаад өөрчлөгдөнө.

- 10 зөв дадлын тухайд тодруулаач?

Их хотын соёлыг түгээх 10 зөв дадлын тухайд, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн, Ёс заншлаа дээдэлж, зөвөөр  хэрэгжүүлдэг иргэн, Санаачилгатай, оролцоотой иргэн, Эрүүл амьдралын хэвшилтэй иргэн, Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн, Ногоон орчин бүтээдэг иргэн, Цахим орчинд соёлтой, хариуцлагатай оролцдог иргэн, Хувийн зохион байгуулалттай иргэн, Нийтийн соёлыг эрхэмлэдэг иргэн, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн гэх мэт зөв дадлуудын талаар сурталчилсан ажлууд хийж байна. Тухайлбал “Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн байх гэдэг нь өргөн утгатай.  Орон сууцныхаа цонхоор цацал өргөж, зогсоол дээр тавьсан машиныг бохирдуулах нь бие, биенээсээ үргэлж хамааралтай оршин байх их хотын амьдрал, суурин иргэншлийн онцлогт тохирохгүй байх жишээтэй. Үүнийг өнгөц харахад жижиг асуудал мэт боловч хотын соёл ба уламжлал, ёс заншлаа хадгалж үлдэх гэх мэт томоохон асуудлууд цаана нь бий.  Гэрээр зүйрлээд бодвол тооноороо цацал өргөж байгаатай адил зүйл.  Мөн бага, балчирт зөв үлгэрлэдэг, ахмад настнаа хүндэлдэг иргэн гэх мэт олон утга санааг агуулж байгаа юм. Ер нь хотын иргэний өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх, эерэг дадлуудыг сурталчилж байна. Бид энэ аяныг нэг, хоёр жил хэрэгжүүлээд, хэдэн сургалт хийгээд үр дүн нь шууд харагдахгүй. Нийгмийн хөгжлийн салбарын онцлог нь энэ. Барилга, байшин барьж байгаа юм шиг шууд бодитой харагдахгүй ч бид энэ асуудлыг өнөөдрөөс эхлэн ярьж, хэвшүүлж, хэрэгжүүлэх хэрэгтэй. 

-Бид суурин иргэншлийн олон жилийн түүхгүй улс. Хотын соёл төдийлөн төлөвшихгүй байгаа нь үүнтэй холбоотой юу?

Суурин иргэншил нь хэдэн мянган жилээр яригддаг улс, орнуудтай харьцуулахад бид хот сууринд суух иргэншилд шилжээд удаагүй, залуугаараа байна. Нэг талаараа энэ асуудал нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Улаанбаатар хотын түүх Ширээт цагаан нуур хэмээх газар 1639 онд орд өргөө босгосон үйл явдлаар эхэлдэг. 1639 оноос хойш нийт 29 удаа буурь сэлгэсэн. Одоогийн оршин буй газар буюу Туул голын хөвөөнд 1778 онд суурьшжээ. Түүнээс хойш бодоход энэ онд нийслэлийн 379 жилийн ой тохиож байна. Тэгэхээр суурин амьдрал, суурин иргэншлийн соёл тогтоод үндсэндээ гурванзуугаад жилийн нүүр үзэж буй юм. Магадгүй 1950-иад оноос хойш орчин үеийн хотын иргэн байх тухай асуудлыг ярьж болох юм. Тэгж үзвэл бүр 60  гаруйхан жил болж байна.  Ер нь гурван үеэрээ хотод суурьшин амьдарч байж 3 дахь үе нь жинхэнэ хотын иргэн болдог гэж ярьдаг. Тэгэхээр аливаа зүйл хүнд “төрмөл” мэт дадал болтлоо уддаг нь харагдаж байгаа юм. Тиймээс дадал болтол уднаа, гээд зүгээр хараад суугаад байж болохгүй. Эхний ээлжинд нийслэлийн иргэний хүлээх үүрэг, Зөрчлийн тухай хууль зэрэг зохицуулалтын хуулиудыг маш сайн сахиулах хэрэгтэй болж байгаа юм.

-Хотын хууль, дүрэм, журмыг чангатгах хэрэгтэй. Тэгвэл хотын соёл төлөвшинө гэсэн үг үү?

Их хотын залуучуудад хотын иргэний тухай ойлголтыг төлөвшүүлэх, суурин иргэншлийн соёлыг түгээх, хотын дүрэм, журмыг мөрдүүлэхэд хууль, дүрмийг сурталчлахаас гадна холбогдох төрийн байгууллагууд хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад илүү далайцтай хандах хэрэгтэй болов уу. Тухайлбал “Тамхины хяналтын тухай хууль” маш сайн хэрэгжсэн нь торгуулийн хэмжээ тухайн үедээ өндөр буюу 50,000 төгрөг байсантай холбоотой. Тиймээс иргэд нэг нэгэндээ “зөвшөөрөгдөөгүй цэгт тамхи татвал 50.000 төгрөгөөр торгуулна” гэсэн “мессэж”-ийг сайн тараасан. Нөгөө талаар хуулийн хэрэгжилтийг холбогдох байгууллагууд иргэдийн оролцоотойгоор дээд зэргээр ханган ажилласантай холбоотой.

Өнгөрсөн оны 07-р сарын 01-нээс эхлэн хэрэгжсэн “Зөрчлийн тухай хууль”-д иргэдийн түгээмэл гаргадаг зөрчлүүдийг бүгдийг тусгасан байгаа. Шүлсээ хаях, хог хаях, биедээ хутга, мэс авч явах, хүний биед хохирол учруулахгүйгээр халдах, олон нийтийн сүлжээгээр гүтгэх, орон сууцанд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, төмөр замын гарамгүй газраар гарах, автомашин жолоодож байхдаа огцом тоормослох, хэт удаан явах гээд иргэдийн өдөр тутмын амьдралд гардаг зөрчилд торгууль ногдуулахаар хуульчилсан байгаа. Уг хуулинд 17 бүлэгт хамаарах 1,600 гаруй төрлийн зөрчлийг тусгасан. Энэ бидний өдөр тутмын амьдралд тохиолддог зүйл учраас хүн бүр мэдэж байх хэрэгтэй. Шөнө, орой болсон хойно хажуугийн айл чинь найр, цуглаан зохион байгуулаад амгалан тайван байдлыг чинь алдагдуулаад байвал та Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох газарт мэдэгдэж, өөрийнхөө амгалан тайван байдлыг хангаж болно. Хотын соёл төлөвшихөд иргэдийн оролцоо бас чухал. Бид дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагатай хамтраад сарын хугацаанд “Сануулах аян” зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүтэн сарын хугацаанд залуучуудын сайн дурын оролцоотойгоор цагдаа нартай хамтран эргүүл хийж, зөрчил гаргаж байгаа иргэдийг шууд торгохгүй ч зөрчлийг илрүүлж, сануулах, анхааруулах арга хэмжээ авна. Сингапурт гудамжинд бохь зажлаад явж байвал  “Бохио хаяж байгаль, орчныг бохирдуулна” гэж үзээд цагдаа нар нь торгодог. Энэ мэт хатуу хууль, дүрэмтэй газар л хотын соёл тогтоно. Нэгэнт хууль нь тийм учраас дандаа бохь зажлаад торгуулаад байхыг хэн ч хүсэхгүй.

Иргэдийн дунд  хотын соёлыг төлөвшүүлэх, хуулиа мөрддөг  болгоход өөр ямар хөшүүрэг байж болох болох вэ?

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудад хичээлийн шинэ жилийн эхний өдөр “Хотын соёл” сэдвээр хичээл орж, хотын хууль, дүрэм, журмыг танилцуулах нь зүйтэй. Бид энэ жил Улаанбаатар хотод байгаа 87 их, дээд сургуульд хотын соёлтой холбоотой сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Дэлхийн зарим том хотод энэ хот чинь ямар хууль, дүрэм, журамтай, ямар түүхэн дурсгалт газруудтай юм бэ? Яаж би энэ хотын иргэн болох вэ? гэх мэт зүйлийг танин мэдүүлэх зорилгоор шилжин ирсэн иргэнд хичээл ордог. Энэ бас зөв, зүйтэй арга юм.

Мөн өсвөр үе, залуучуудад хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг кино урлагаар дамжуулан “соёлын довтолгоо”, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах асуудлыг төр бодлогоор дэмжих нь зүйтэй. Тийм учраас бид энэ жил “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахдаа кино урлагаар дамжуулан залуучуудыг соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллахаар тусгасан байгаа. Их хотын соёлыг түгээхэд чиглэсэн хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж чадсан урлагийн бүтээл үгүйлэгдэж байна. Сүүлийн үед зарим нэг киног үзэж байхад хотын хүн гэхээр хүнийг хуурсан, зальтай, цэнгээний газраар хэссэн дүр түлхүү гардаг.  Хүний сэтгэлд хоногшсон “Хотын иргэний эерэг дүр“, өгүүлэмжтэй сайн кино иргэдийн дунд их хотын соёлыг төлөвшүүлэхэд маш хүчтэй нөлөө үзүүлнэ гэж боддог.  Гол нь зөв өнцгөөс харуулах хэрэгтэй. “Аан” хотын иргэн гэдэг чинь ийм байх ёстой юм байна. Би хөгжлөөс хоцроод байна. Би энэ кинонд гарч байгаа шиг эсрэг талын дүр болох ёсгүй юм байна, гээд шууд ойлгож, амьдралдаа тусган хүлээж авахаар тийм бүтээлүүдийг дэмжмээр байгаа юм.

-Ер нь хотын соёлт иргэн гэж ямар хүнийг хэлдэг вэ?

Хотын иргэн байна гэдэг нь товчхондоо хууль дүрэмд захирагддаг иргэн гэсэн үг. Энгийнээр өөртөө хүсээгүй зүйлээ бусдад битгий хийж бай гэсэн үг юм. Хот гэдэг бол төвлөрөл учраас хэн нэгний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Бодоод үзье. Бид гэртээ хог, шүлсээ хаядаггүй шиг хотын гудамж, талбай, олон нийтийн газар зохисгүй байдлаар биеэ авч явах нь бусдад болон танд хор хөнөөлтэй. Учир нь та бид нэг л агаараар амьсгалж, нэг орчинд амьдарч байгаа. Гудамжаар алхаж яваад хог, шүлс, цэрэн дээр гишгээд гэртээ орно. Хавар тоос, шороотой холилдоод салхи гарахаар таны аманд орно тийм учраас “Өөртөө хүсээгүй зүйлээ бусдад битгий хий” гэсэн санаа.

-Та өөрөө залуу хүн. Залуучуудын байгууллагыг удирдаж байгаагийн хувьд тэдэнд хандаж юу хэлэх вэ?

Их хотын иргэний эерэг хандлага, ёс суртахууныг төлөвшүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, нийслэлийн хөгжил тохижилтод залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч, залуус манлайлсан хот болгох зорилгоор бид “Эерэг амьдарцгаая залуучууд аа!” цуврал нэвтрүүлгийг мэргэжлийн байгууллагатай хамтран хийж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт сүлжээн дээр суурилсан нийгмийн сүлжээгээр/social network/ дамжуулан олон удаагийн давтамжтайгаар түгээхээр төлөвлөөд байна.

Одоогоор эхний 24 нэвтрүүлэг бэлэн болсон. Нэвтрүүлгийн эхний дугаараар “Чин сэтгэлийн инээмсэглэл эерэг хандлагын эхлэл” гэсэн  санааг илэрхийлсэн. Тухайлбал их хотын соёлт иргэн болсон залуу хүн та үнэтэй хувцас өмсөж, чамин, ганган явснаараа биш хандлагаараа, эерэг сэтгэлгээгээрээ, тусч соёлоороо өөрийгөө чимж амьдраарай. Чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаа хүнийг хараад хэн ч уурлаж, бухимдаж чадахгүй, бусдад төвөг удахгүй амьдарч чадаж байвал та амьдрах ур чадварыг эзэмшсэн байна гэсэн үг. Их хотын соёлт иргэн та өөртөө хүсдэг тэр сайн сайхан бүхнээ бусдад түгээж байгаарай гэж уриалж байна.

-Залуучуудын хандлагыг эерэг болгож, хотын соёлт иргэнийг төлөвшүүлэхээр зорин хийж байгаа Та бүхний ажилд амжилт хүсье.