КАПИТАЛИСТ ФОРД

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 02 сарын 02

Автомашины түүхийг үндсээр нь өөрчилсөн зөрүүд, хөдөлмөрч, капиталист тэрбумтан. Тийм ээ, энэ бол Хэнри Форд. 

Ирландын цагаач гэр бүл Уильям Фордынд зочлон ирэх найз нөхөд нь бэлэг сэлт өгөх бүрт бяцхан Хэнри Форд баадуутай тоглоом, уйлдаг хүүхэлдэй, явдаг баавгайг гээд бүгдийг нь задалчихаад нэг нүдтэй мангас, чихгүй майлдаг туулай гэх хачин сонин зүйлсийг угсраад тавьчихна. Хэнри Фордыг техникт дур сонирхолтой болоход аав Уильям нь хамгийн их нөлөөлжээ. 

Тэрбээр аавтайгаа бүхэл өдөржин засварын газарт дархан хийж өнгөрөөдөг байлаа. Нэмж хэлэхэд тэр хэзээ ч их сургуульд сурч байгаагүй, тосгоны бага сургуулийн боловсролтой Хэнри өөд болтлоо алдаатай бичдэг байж. 17 хүрмэгц ажил хөдөлмөрийн гараагаа эхлэхээр Детройтод иржээ. Ямар ч механизмыг засчихдаг алтан гартай авьяаслаг Хэнри галт тэрэгний үйлдвэрт засварчнаар орж өдөрт нь үйлдвэрт ажиллаж, харин шөнөдөө цаг засварлаж хонодог боллоо. 

Детройтын үйлдвэрт цагийг хоосон өнгөрөөдөггүй байсан Хэнри анхны засварын газраа нээж удалгүй Мичиган муж даяар түүнийг ярих болов. Энд ажиллах явцадаа угийн сониуч Хэнри Форд цахилгаан эх үүсвэрийн төхөөрөмж сонирхож эхэлжээ. 

Хэсэг хугацааны дараагаар алдарт Эдисон Илюминэйшн компанид ажилд орж цалин мөнгө нь ч хангалттай болох нь тэр. Гэвч тэрээр авсаархан хөдөлгүүр бүтээх мөрөөдлөө биелүүлэхээр цаг зав л гарвал түүндээ хамаг анхаарлаа хандуулж байж.

Хоёрхон жилийн дараа буюу 1896 оны хаврын тэр нэгэн өглөө Детройтын гудмаар холхих морин тэрэгнүүдийг шуугиулан үргээх Хэнри Фордын зохион бүтээсэн 4 морины хүчтэй 230-хан кг жинтэй автомашин хотын гудмаар явж эхэлсэн аж. 

Тэр өдрөөс эхлэн Форд машин бүтээх үйлстээ өөрийгөө бүрэн зориулж агуу Ford гүрэн ийнхүү эхлэлээ тавьсан юм.

Эх сурвалж: Зарулем сэтгүүл