Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 2 дугаар сарын 5, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
2018 оны 02 сарын 05

1. “МИАТ” компани 2020, 2021 оноос АНУ руу шууд нислэг үйлдэхийг зорьж байна

"МИАТ" ТӨХК-ийн "Boeing 767-300" агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Гайти-Чилийн хооронд 600 цагийн нислэг үйлдсэн талаар бид өмнө мэдээлсэн. Өвлийн улиралд агаарын хөлгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг олгосон энэхүү нислэг нь АНУ руу шууд нислэг үйлдэх цаашдын зорилтыг биелүүлэх эхний алхам болсныг компанийн зүгээс онцолж байна. Компанийн хувьд 2020, 2021 оноос АНУ руу шууд нислэг үйлддэг болох үндсэн зорилттой байгаа юм. [Bloombergtv.mn.mn]

2. Ерөнхийлөгч Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүн аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ орон нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцон, алслагдсан зарим сумдыг дахин төлөвлөх асуудлаар санал нэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар тус аймагт 65 мянга гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд арилжааны банкинд 70 мянга гаруй иргэн, ААН хадгаламжийн данстай гэж бүртгэгджээ.  Харин зээлтэй иргэн, ААН-ийн тоо 24 мянга гаруй болж, 2017 оны эцсийн дүнгээр 172.2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гарсан байна. [President.mn]

3. “Улаанбаатар өвлийн наадам 2018” болов

"Улаанбаатар өвлийн наадам 2018" нээлт өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Өвлийн наадмын үеэр Монгол Улсын өнцөг булан бүрийн сур болон шагайн харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулав. Мөн энэ жилийн хувьд хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирсэн байна. Улаанбаатар хотын 4 жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт их хотоо “Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын төв” болгох том зорилт тавьсан байдаг. [Ulaaanbaatar.mn]

4. 20.5 тэрбум төгрөгийн “Насны хишиг” олгоно

Жил бүрийн Сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ахмадуудад "Насны хишиг"-ийг хоёр удаа олгохоор хуульчилсан. Энэ дагуу сар шинийн баярын өмнөх ахмадын “Насны хишиг”-ийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн өгч эхэлжээ. 2018 онд нийт 20.5 тэрбум төгрөгийн “Насны хишиг” олгохоор төсөвлөсөн. Өнгөрсөн жил 128 мянган ахмадад “Насны хишиг”-ийг олгосон бол энэ онд 5130 ахмад шинээр нэмэгдсэн бөгөөд нийт 133.700 ахмад “Насны хишиг”-ээ авахаар болжээ. [Eagle.mn]  

5. Монголд элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдар зонхилж байна

Дэлхийд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа төдийгүй ирэх 2030 онд хорт хавдрын өвчлөл 21.7 саяд хүрч, нас баралт нь 14 сая болж нэмэгдэх хандлагатай байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх эгнээг хорт хавдрын шалтгаан эзэлж буй бөгөөд өнгөрсөн 2015 оны статистик үзүүлэлтээс үзвэл элэгний /39.1 хувь/, ходоодны /14.7 хувь/, умайн хүзүүний /7.7 хувь/, уушгины /7.2 хувь/, улаан хоолойн /6.6 хувь/, хөхний /3.9 хувь/ хорт хавдрууд зонхилон тохиолдож байгаа аж. [Medee.mn]

6. Иордан улс Умард Солонгостой харилцаагаа тасаллаа

Иордан улс Умард Солонгостой харилцаагаа тасалж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Мэдэгдэлд, Иорданы засгийн газрын тус шийдвэрийг Иорданы хааны ордныхон батлан зөвшөөрснийг тэмдэглэсэн байна. Тус шийдвэрийн дагуу Иордан улс Умард Солонгосоос Иорданд суугаа элчин сайдыг хүлээн зөвшөөрөхгүй, мөн Иорданаас Умард Солонгост суугаа элчин сайдын ажлыг зогсоох юм байна. Иордан улс өнгөрсөн оны тавдугаар сараас Умард Солонгосын  иргэдэд виз олгохоо зогсоосон юм. [Time.mn]

7. ОХУ-ын түүхэнд тэмдэглэгдэхээр их хэмжээний цас оржээ

Энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын түүхэнд тэмдэглэгдэхээр их хэмжээний цас оржээ. Хур тунадасны хэмжээ 14 мм-т хүрсэн аж. ''Цаг уурын ажиглалтын түүхэнд хамгийн их хэмжээний хур тунадас энэ амралтын өдрүүдэд орж байна. Өмнө нь 1957 онд 11.2 мм хур тунадас орж байсан'' гэж Интерфакс агентлаг мэдээллээ. Москва хотод орж буй цасан шуурга даваа гаригт намжих төлөвтэй байна гэж цаг уурчид нь мэдээлж байна. [News.mn]

8. Казахстан 2025 он гэхэд латин үсгийн бичиглэлд шилжинэ

Бүгд найрамдах Казахстан Улс Орос, Англи, Казах гэсэн гурван хэлээр суурь боловсрол олгох зорилт тавин үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн  2025 он гэхэд кирилл үсгээ латин үсэгт шилжүүлэх юм байна. Тус улс 1928-1940 онд латин үсэглэлийг ашиглаж байсан нь уугуул иргэд латин хэлний мэдлэгтэй тул уг бичиглэлд шилжихэд асуудал тулгарахгүй хэмээн үзжээ. [Gogo.mn]

9. Фидель Кастрогийн хүү амиа хорложээ

Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн ууган хүү Фидель Кастро Диаз-Баларт 68 насандаа амиа хорлосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг мэдээллийг Кубын төрийн мэдээллийн агентлаг баталжээ. Кастрогийн хүү сэтгэл санааны гүн хямралын улмаас амиа хорлосон байна. [Shuud.mn]

10. Сирийн босогчид ОХУ-ын “Су-25” байлдааны нисэх онгоцыг сөнөөж, нисгэгчийг нь хөнөөжээ

Оросын Батлан хамгаалах яамнаас Сирийн хойд хэсэгт байрладаг Идлиб хотоос холгүй зайд ОХУ-ын “Су-25” байлдааны нисэх онгоцыг сөнөөсөн талаар мэдээлснийг “ВВС” агентлаг уламжлав. Сирийн босогчид энэ газар нутгийг хяналтдаа авсан билээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас онгоцны нисгэгч амиа алдсан гэж мэдэгдэв. [Medee.mn]