ХҮННҮ ГОО

Нийтлэл / Нийслэл guide
2018 оны 02 сарын 05

Уран зураг бүрийн цаад түүх, зохиомж, арга барил, бэлгэдэл дахин давтагдашгүй. Анзаарагдамгүй жижиг мэт атлаа асар их утга агуулдаг деталь хэсгүүд ч уран зургийн нэг чухал хэсэг болдог.

Тэгвэл МУЭХ-ноос оны шилдгээр шалгаруулсан, зураач Ц.Баттөрийн “Хүннү гоо” уран зургийн чанадад нэвтэрье. Сартай намуухан шөнө, эсвэл бүүдгэр манантсан байдлын дүрслэл Ц.Баттөрийн уран бүтээлүүдийн гол өнгө тон юм.

Шөнийн харанхуй хэдийгээр айдас түгшүүр төрүүлэм ч эмэгтэй хүний гоо сайхан төрхтэй хосолсноор түүнд намуухан ая эгшиглэх мэт сүрдэм хэрнээ өвөрмөц мэдрэмжийг төрүүлдэг байна. Тэр бол гэрэл сүүдрийн торгон зааг дээр бүтээн туурвигч билээ.

Зураач түүхэн утга санаа бүхий эл бүтээлээ туурвихдаа Хүннү гүрний 2000 жилийн өмнөх түүхийг судалж, хоёр жилийн хугацаа зарцуулсан байна. Зургийн фоноор Ноён уулын булшнаас олдсон, өдгөө Эрмитажийн музейд хадгалагдаж буй Хүннүгийн үеийн ширмэл ширдгийг сонгожээ. Энэхүү тал ширмэл ширдгийг тэр бүтнээр төсөөлж, ширдэг болон натурын өндрийн харьцааг нарийн тооцож зурсан байна. Сайн ажвал ширдэг дээрх амьтдын дүр дүрслэл, торгон зээгт наамал, хээ, ур хийц тун ч өвөрмөц аж.

Зураг дээр дүрслэгдсэн зүйлс бүгд Хүннүгийн үед хэрэглэгдэж байсан эд хэрэглэл аж. Тус зураг дээрх эмэгтэйн хүзүүний зүүлт скифийн булшнаас олдсон бол гарт нь буй бэлгэ тэмдэг Хүннүгийн булшнаас олдсон ганц эвэрт ирвэс маягийн төрхтэй амьтан ажээ. Зураач энэ амьтанг зургийнхаа бэлгэдэл болгосон байна. Түүхэн сэдэвтэй зураг зурахад ихэнх түүхэн хүмүүсийн хөрөг байдаггүй учраас дүрийг зураач дотроо төсөөлж, бясалгаж бүтээдэг байна. Ингэж төсөөлж буулгасан дүрийн царай төрхөөс зургийн уур амьсгал хамаарна. “Хүннү гоо”- г бүтээхийн тулд натуртаа ямар хүн хамгийн тохиромжтой байх тухай удаан бодсоны эцэст зураач өөрийнхөө эхнэрийг сонгожээ.

Зураач орчин үеийн суурин уран зураг дээр үндэсний хэв маягийг шингээж монгол зургийн зүмбэрлэх аргыг ашигласан нь зургийн деталь хэсгүүдийг илүү тодотгож, зургийн харагдах байдлыг илүү үнэ цэнтэй болгожээ.

Нийтлэлийг: Б. Болортуяа
Эх сурвалж: "НийслэлGuide" №68/ 2018 1, 2 дугаар сар