Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 2 дугаар сарын 6, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
2018 оны 02 сарын 06

УИХ-ын гишүүн Б.Наранхүүг сонгогчид нь эгүүлэн татахыг хүсэж байна

Иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон гишүүддээ Өмнөговь болон Дундговь аймгийн иргэд сэтгэл дундуур байна. Тэд хуулийн зохицуулалт байдаг бол гишүүдийг эгүүлэн татахыг хүсч байгаагаа илэрхийллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга Дундговь аймгийн иргэдтэй уулзахдаа Б.Наранхүү гишүүнийг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш огт хараагүй гэдгээ хэлэв. Мөн сонгогчид нь хэрвээ сонгосон гишүүнээ хангалтгүй ажиллаж байна гэж үзвэл эгүүлэн татдаг болох ёстой гэв. [Time.mn]

Манай улс хэрэглэсэн хуванцар, гялгар уутныхаа 8 хувийг дахин боловсруулдаг

Манай улс хэрэглэсэн хуванцар, гялгар уутныхаа найман хувийг л дахин боловсруулдаг. Тиймээс үлдсэн 92 нь шууд байгальд хаягддаг гэсэн үг. Гэтэл гялгар уут нь байгальд шингэхдээ зарим тохиолдолд 500-гаас дээш жил болдог. Энэ хугацаандаа нар, салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхүүлж, хөрсний усыг хордуулахаас гадна шатсан тохиолдолд авто машины дугуй шатаасантай тэмцэх хэмжээний хорт хий / хар тугалга/ ялгаруулдаг гэдгийг олон улсын эрдэмтдийн судалгаанд онцолсон байдаг. [Gogo.mn]

Чех улс Монголоос 1000 ажилчин авна

Чех улс гаднаас ажиллах хүч авах асуудалд нээлттэй хандаж байна. Тус улс Монгол Улсад 1000 ажлын байрны квот гаргаж өгөөд байсан бол Филиппинд мөн 1000 ажлын байрны квот өгчээ. Ерөнхий сайд Андрей Бабиш нь өнгөрсөн долоо хоногт Прага дахь Филиппиний Элчин сайдын яаманд болсон арга хэмжээнд оролцож, Элчин сайд Жед Даяантай уулзах үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна. Мөн Украин улсаас хөдөө аж ахуйн салбартаа 10 000 ажилчин авах болсон тухай мэдээллийг албан ёсны цахим хуудсандаа тавьжээ. [Eagle.mn]  

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгүй гэв

“Heritage Foundation” байгууллагын гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр Монгол Улс 180 орноос 125 дугаарт бичигдлээ. Монгол Улсын Төв банкны хараат байдал, төсвийн сахилга бат зэрэг үзүүлэлт ялимгүй сайжирснаар эдийн засгийн эрх чөлөөгөөр 55.7 оноо авсан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 0.9 оноогоор ахисан үзүүлэлт боловч эдийн засгийн хувьд “Бараг эрх чөлөөгүй” орнуудын ангилалд багтсан хэвээр байгаа юм. Ингэснээр Гайти болон Гана улсын араас бичигджээ. Монгол Улс дээрх судалгаанд хамрагдсан Ази, Номхон далайн бүс нутгийн 43 улсаас эдийн засгийн эрх чөлөөгөөр 27 дугаарт бичигдсэн байна. [News.mn]

Өмнөд Солонгост 5 мянга гаруй монгол оюутан байна

Өмнөд Солонгосын Олон Улсын Боловсролын Үндэсний Хүрээлэн тус улсад суралцаж байгаа гадаад оюутнуудын тоо 2017 онд 18.8 хувиар өссөнийг өнөөдөр зарлалаа. Нийт 123,858 гадаад оюутан суралцаж байгаа нь өмнөх оноос 20,000-аар өссөн тоо гэнэ. Тэдгээрийн 72,032 нь дипломын боловсрол олохоор суралцаж байгаа юм. Оюутнуудын тоогоор Хятад 68,184 (55.1 хувь), Вьетнам 14,614 (11.8 хувь), Монгол 5,384 (4.3 хувь) эхний гурван байрыг эзэлжээ. Араас нь Япон, АНУ, Узбекистан, Тайвань, Франц, Индонез, Малайз жагссан байна. [Ikon.mn]