АРВАН ЖИЛИЙН НОЁРХОЛ

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 02 сарын 06

Монголчуудын автын түүхийг сөхвөөс XX зууны сүүлийн арван жилийг төлөөлөх машин нь баараггүй Excel билээ. Хоёр нийгэм солигдохтой зэрэгцээд, Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн бүрийг хувийн өмчтэй байхыг баталснаар ихэнх нь хуучин ч гэсэн хувийн машинтай болцгоолоо.

Эл үед бүхий л насаараа оросуудын дөрвөлжин машиныг харж, хэрэглэж дадсан бидэнд цоо шинэ уур амьсгалыг мэдрүүлсэн машин бол Excel юм. Анх засгийн газрын авто баазад арван ширхэг ирж, үүний дараа хувийн компаниуд оруулж ирсэн барууны өнгө төрхтэй, авсаархан, жигтэйхэн тохилог бас болоогүй шатахуун бага иддэг энэ сайхан хүлгийг аавын хүү бүр авахыг хүсэх болов.

Төд удалгүй Excel түмний унаа болж өнөөгийнхөөр бол Prius-ийн адил ертөнцийн дөрвөн зүг найман зовхист давхих болов. Ардчиллын шуурганаар такси баазын үйлчилгээ доголдож үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрснээр хувьдаа Excel-тэй иргэд такси үйлчилгээнд явж хоёр идэж хоосон хонолгүй хоолтойгоо залгадаг байсан гэж болохоор.

Тиймээс ажилгүйдэл ихтэй нийгэмд ажлын байр бий болгон, орлогын эх үүсвэрийг нэмсэн Excel-ийн буян заяаг монголчууд бид сайн мэднэ. Солонгос улсын Hyundai компанийн үйлдвэрлэсэн Excel машин Монгол Улсын автын зах зээлийг бүтэн арван жил эзэгнэсэн нь ийм шалтгаантай аж.

Эх сурвалж: Зарулем сэтгүүл