Гүний усаа ашигласаар байвал 2025 он гэхэд говь нутаг усгүй болно

Нийгэм / Н. Сугар
2018 оны 02 сарын 06

Монгол Улсын усны нөөцийн хоёр хүрэхгүй хувийг гүний цэвэр ус эзэлдэг. Гэтэл бид хэрэглээнийхээ 80-90 хувийг гүний усаар хангадаг. Дээр нь говийн бүс дэх уул уурхайн компаниуд гүний ус ашиглаж байгаа нь түгшүүр дагуулж байна.

10 жилийн дараа Монгол Улс усны нөөцийн хомсдолтой орнуудын тоонд багтана гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Энэ айдас өмнө говь аймагт мэдрэгдэж эхэлжээ. Тухайлбал 27 жил ашиглана гэж тооцож байсан усны нөөцөө дуусчихаад дахин 8 худаг гарган ашиглаж байна.

Уул уурхайн салбарт манай улс нийт усныхаа 21 хувь буюу 94 сая шоо метр усыг жил бүр зарцуулдаг гэсэн тооцоо бий. Энэ нь говийн бүсийг 2025 он гэхэд усны хомсдолд оруулах аюултайг мэргэжилтнүүд сануулж байна. 

Хэрлэн, Орхон зэрэг том гол мөрнөөс гадаргын ус татах төсөл яригдаж байсан. Инженерийн шийдлээр  хиймэл нуур байгуулаад урагшаа гол шугам 600 км,  салбар шугам нь нийлээд 900 орчим км шугамаар говь руу ус дамжуулна гэсэн шийдлийг 2011 онд гаргаж байжээ. Тухайн үед 500-600 сая ам долларын хөрөнгө оруулалт яригдаж байлаа. Тэгвэл ерөнхий сайд төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг говийн бүс рүү татаж уул уурхайд ашиглах тухай ярьжээ.

Орхон гол Сэлэнгэ мөрөн Оросын хилээр гарахдаа 339 метр куб секунд хурдтай урсаж өнгөрдөг байна. Харин түүний 2.5 метр куб секунд урсац буюу Байгаль нуурт очиж байгаа усны ердөө 0.7 хувийг Говь руу зөөхөөр тооцоо гарсан. Төв цэвэрлэх байгууламжийн усыг татах эсвэл “Орхон говь”, “Хэрлэн говь” төслийн алийг нь ч хэрэгжүүлсэн бай бид яаравчлах хэрэгтэй. Учир нь харангатаж үхэх аюул хаяанд тулаад байна.