Ховд аймагт 580 тн өвс, 350 тн тэжээл хуваарилжээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 02 сарын 02

Ховд аймагт энэ жил 6863 малчин өрхийн 3,6 сая мал өвөлжиж байна. Энэ өвөл тус аймагт -40 градус давж цочир хүйтэрснээс 30 шахам мянган мал хорогджээ. Өнгөрсөн жилийн зун гантай байсны улмаас хадлан авах байтугай, малын хамар хатгах өвс ч ургаагүй талаар иргэд ярьж байлаа. Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн Ховд аймгийн сумдад 580 тн өвс, 350 тн  тэжээл хуваарилаад байгаа юм.

Тусламжийн өвс тэжээлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймагт ажиллах үеэрээ өвөлжилт хүндэрсэн зарим сумдад гардууллаа. Мөн Буянт сумын хүн эмнэлэг шинэ УАЗ пургон машинтай болж, отор нүүдлээр яваа малчиддаа хүрч үйлчлэх боломжтой болжээ. Ийнхүү цас зуд хүндэрсэн үед тойргоос сонгогдсон гишүүн нь өвөлжилтийн асуудлаар ЗГ-т шуурхай асуулга тавьж, малчдад үнэгүй өвс, хөнгөлөлттэй үнээр тэжээл олгож буйд баяртай байна. Дашрамд дурдахад бэлчээрийн даац хомсдож, хадлан тэжээл дутагдах болсон нь малынхаа тоонд бус чанарт анхаарах шаардлагатай болсныг сануулж байгаа юм. Түүнчлэн малаа эрүүлжүүлэх, ашиг шимийг нь боловсруулах тал дээр илүү анхаарч өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл малчдын орлого нэмэгдэж олон ажлын байр бий болох юм. Энэ ажилд саяхан ЗГ-аас батласан үйлдвэржилтийг дэмжих "21-100" хөтөлбөр үр дүнгээ өгнө гэдэгт Ховд нутгийнхан итгэлтэй байна.