Гурван ээлжээр хичээллэж 20:15 цагт тардаг 20 сургууль байна

Нийгэм / Н. Сугар
2018 оны 02 сарын 06

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 241 сургууль бий. Эдгээрээс 20 сургууль нь 3 ээлжээр хичээллэж байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн хичээл оройн 20.15 цагт тардаг. Орой тарсан хүүхдүүд харанхуй гудамжаар гэрлүүгээ алхдаг.

Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд 815 сурагч гэмт хэргийн хохирогч болсон тоо байна. Харин энэ он гарснаас хойш 1 сарын хугацаанд 77 сурагч гэмт хэрэгт өртжээ. Өмнөх оны мөн үед 48 сурагч хохирч байсан бол энэ тоо 29-өөр нэмэгдсэн. Энэ зөвхөн сурагчид хохирсон тоо. Өөрөөр хэлбэл эрсдэл жил ирэх тусам нэмэгдсээр байна гэсэн үг. Гэтэл 11хэн настай охин эрсдэл дундуур алхсаар гэртээ харьж байна.

Дурын сургуульд ороход, тухайлбал 44 дүгээр сургууль дээр гэхэд эрсдэлтэй нөхцөлд гэр рүүгээ явдаг 100 орчим хүүхэд бий. Эдгээр хүүхдүүд дунд гэр нь хол, зам нь харанхуй учир эцэг эхийнхээ ажлыг тарах хүртэл сургууль дээрээ хүлээдэг охид ч байв. 

Иймээс нийслэлийн Цагдаагийн газраас 3 ээлжээр хичээллэдэг 20 сургуулийн хүүхдүүдийг автобусаар хүргэх Хүүхэд хамгаалал нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн компаниудтай хамтарч нэгдсэн автобус хэд хэдэн чиглэлд хүүхдүүдийг хүргэж өгнө. Ингэснээр эрсдэл тодорхой хэмжээнд буурна гэж найдаж байна.

Нэгдсэн арга хэмжээ 14 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд ямар нэг төлбөргүйгээр компаниуд туслаж байна. Хэрэв арга хэмжээ амжилттай болж хүүхдүүдийг автобусаар хүргэх ажил үргэлжилбэл тодорхой хэмжээний зардал гарна. Үүнийг шийдвэрлэх нь Засгийн газрын үүрэг болоод байна.