БНХАУ жуулчны баазуудад 47 000 жорлонг шинээр суурилуулах зорилт дэвшүүлжээ

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 02 сарын 06

Даваа гарагт БНХАУ-ын эрх баригчид хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулах 3 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа. Уг төлөвлөгөөг ХКН-ын төв хорооны тамгын газар, Төрийн зөвлөлийн тамгын газраас хамтран гаргасан байна.

2020 он гэхэд дунд зэргийн хөгжингүй нийгмийг цогцлоох гэсэн зорилгоо биелүүлэхэд нь хөдөө орон нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах нь маш чухал байна. Хөдөө тосгод цэвэр, цэмцгэр байх ёстой. Оршин суугчдын эрүүл ахуй, эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах хэрэгтэй гэдгийг албаныхан хэлж байна. 

Хөдөө орон нутгийн иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах 3 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд, хог хаягдлыг ялгах, жорлонгуудыг шинэчлэх, орон сууцны бохир усыг цэвэрлэх зэргийг тусгажээ. Зүүн Хятад болоод Хятадын төвийн болон баруун хэсгийн газрууд эдгээр төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэх ёстой. Хятад улсад хот суурин газар, орон нутгийн хөгжлийн зөрүү маш их байгаа учраас энэ ялгааг арилгахад буурай хөгжилтэй бүсүүд түлхүү анхаарах ёстой гэдгийг албаныхан онцоллоо.

Тосгодын 90 хувьд хог хаягдлыг ангилах систем нэвтрүүлэх, Бие засах газруудын 85 хувь нь ариун цэврийн шаардлага хангах, Хятадын хөгжлийн банк, Аж үйлдвэрийн хөгжлийн банк, Аж үйлдвэрийн банк зэрэг томоохон банкууд энэ төрлийн төсөл хөтөлбөрт өгөх зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх нь зүйтэй гэж уг төлөвлөгөөнд тодотгожээ. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хувийн компаниуд ч оролцох хэрэгтэй юм.
БНХАУ хэдийгээр дэлхийн хоёр дахь том эдийн засаг боловч хөгжлийн зааг, ялгаа их байдаг, Зарим жорлон, ариун цэврийн шаардлага хангадаггүй зэргийн олон асуудал тулгардаг байна. Тус улс 2015 онд “Жорлонгийн хувьсгал” төслийг хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд жорлонгуудыг шинэчлэн, цэвэрлэж зохицуулалт хийж эхэлсэн юм. Эрх баригчид ирэх 3 жилд жуулчны баазуудад 47 000 жорлонг шинээр суурилуулах, 17000 жорлонг засаж, шинэчлэх зорилт дэвшүүлжээ.