2017 онд 42 хүүхэд амиа хорлосны хамгийн бага нь 10 настай

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 02 сарын 06

Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтохтой адил ховорхон хувь тавилан гэдэг. Харин сүүлийн жилүүдэд амь насаа хөнөөх, түүн дотроо бага насны хүүхэд өөрийгөө егүүтгэх хэргүүдийн тоо нэмэгджээ. Өнгөрөгч 2017 онд л гэхэд 42 хүүхэд амиа хорлосон байна.

Нийслэлийн нэгэн сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч 10 настай хүү ангийнхаа охинтой үерхдэг байж. Хоорондоо захиа бичилцэж, дурсгалын зүйлс бэлэглэдэг тэдний үерхэл дуусч, найз охин нь дээд ангийн хөвгүүнтэй үерхэх болж. Удаа ч үгүй хүү өөрийгөө боомилон, энэ хорвоогоос яваад өгсөн харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарчээ. Хэргийг шалгах явцад хүү ээж, дүү нар болон хойд эцгийнхээ хамт амьдардаг байжээ. Хойд аав нь зодож дарамтлаад байдаггүй ч хөндий харилцаатай байснаас хүү ээж болон дүү нартайгаа ч дотно харьцаатай байхаа болиод удсан байжээ. Ийм л үед найз охин нь түүнд урам зориг, итгэл найдвар бэлэглэж байсан бөгөөд тэр нь яваад өгөхөд хүү өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр төсөөлөн ийм харамсалтай шийдвэр гаргажээ. Энэ мэт найз нөхдөдөө гомдох, гэр бүлийн таагүй харилцаанаас үүдэн өсвөр насныхан амиа егүүтгэдэг байна. 

Амиа хорлох шийдвэр гаргах нь ихэнх тохиолдолд гэнэтийн байдаггүйг мэргэжилтнүүд хэлж байна. Дор хаяж энэ талаар тогтвортой хугацаанд давтамжтайгаар бодсоноор ийм алхамыг хийдэг гэнэ. Энэ үед  нь л гэр бүлийнхэн нь, багш нар нь, найз нөхөд нь анхаарч, хайрлах нь чухал юм байна. Нөгөө талаас гэнэт шийдэх тохиолдол ч байдаг. Таагүй зүйлтэй тулгарсан үед өмнөх дурсамж сэдрэхэд ихэвчлэн ийм харамсалтай шийдвэрийг гэнэт  гаргадаг байна. 

Сэтгэлзүйн хувьд хамгийн эмзэг нас нь 13-19 нас юм байна. Энэ үедээ хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхдээ аав ээжтэйгээ ихэвчлэн зөрчилддөг бөгөөд найз нөхөд нь хамгийн гол хүмүүс болдог байна. Тиймээс хүүхдийнхээ үерхэл нөхөрлөлийг шууд хориглох нь төдийлөн зөв шийдвэр болдоггүй байна.