Минут тутамд садар самуун 500 зураг бичлэг цахим орчинд тархаж байна

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 02 сарын 06

Хүүхэд залуусын дунд дэлгэцэнд донтох өвчнөөс гадна аюултай интернетийн хэрэглээ сэтгэл зовоох том асуудал болоод байгаа билээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн тасагт гэхэд л дэлгэцийн донгоор өвчилсөн 2100 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.

Интернетэд минут тутамд садар самууны холбогдолтой 500 зураг, бичлэг нэмэгдэж байдаг судалгаа гарчээ. Мэдээллийн гэх эрин зуунд бид өөрт хэрэгтэй мэдээллийг шүүж чаддаг байх нь хамгийн чухал асуудал болоод байна. Өөр нэгэн судалгаагаар хөвгүүд интернет тоглоом тоглож, охид фэйсбүүкт хэтэрхий удаан аялснаар дэлгэцийн донгоор өвчилж байгаа нь тогтоогджээ. 

Хүүхэд тань санаатай болон санаандгүйгээр садар самуун сурталчилсан, санаа зовмоор зураг бичлэгүүдийг үзчихээд байна уу. Тэгвэл,  “Битгий үзээрэй” гэж хэлсэн ч дахин давтагдах энэ үйлдлээс хүүхдээ хамгаалах боломж эцэг эхчүүд  бидэнд бий. Интернетийн үйлчилгээ үзүүлэгч компани бүрт “Шүүлтүүртэй интернет” гэх үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээг хэрэглэгч интернетийн сарын төлбөр дээрээ ямар нэгэн нэмэлт төлбөр төлөх шаардлагагүйгээр авах боломжтой.

Хүүхэд өдөрт хоёр цагийн хугацаанд л интернетээр аялах нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүйг ДЭМБ-аас зөвлөдөг байна. Өвлийн улиралд 18.00 цаг хүртэл, зунд 20 цаг хүртэл интернет хэрэглэх нь зохимжтой байна. Хамгийн гол нь зөвшөөрөгдсөн хугацаандаа ямар контент үзэж, ямар мэдээлэл авч байгаа нь чухал.