Монголын Үндэсний шигшээ нөхөрсөг тоглолт хийнэ

Спорт / Ч. Энхбат
2018 оны 02 сарын 06

Монголын насанд хүрэгчдийн хөлбөмбөгийн шигшээ баг ирэх гуравдугаар сард хоёр нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөөд байна. Гуравдугаар сарын 22-ны өдөр тэд Куала Лампур хотноо зочилж талбайн эзэн Малайзын шигшээ багтай тоглоно. Харин үүнээс 5 хоногийн дараа Монгол улс анх удаа ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолтыг өөрийн талбайд хар тивийн Маврикийн шигшээ багийн эсрэг хүлээн авах юм. Монгол Улсын үндэсний шигшээ баг одоогоор ОУХБХ-ны чансааны 189-р байранд бичигдэж байгаа бол Малайзын шигшээ 175, Маврикийн шигшээ 157-д жагсаж байна. Тиймээс манай улсын шигшээ эдгээр багуудын эсрэг эерэг үр дүн үзүүлж чадвал чансаагаа ахиулах боломжтой юм. 

Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ханс Майкл Вайсс, “БНХАУ-д бид 3-4 тоглолт хийхээр төлөвлөөд байгаа. Харин үүний дараа бид 3 дугаар сарын 20-нд Малайз руу явах болно. Малайз бол хөлбөмбөг хурдацтай хөгжиж байгаа орон. Миний бодлоор тухайн багт өсвөрийн багаас маш олон тоглогч орж ирсэн байх. Гэхдээ та бүхэн мэднэ шүү дээ. Малайз биднээс хэд хэдэн алхамын урд байгаа. Тоглогчид нь гадаадад тоглож, тэнд маш их мөнгө эргэлдэж байдаг. Тэд бол мэргэжлийнх, харин бид хагас мэргэжлийнх. Ийм л ялгаатай. Гэсэн ч бид хожихыг л хичээх болно.” хэмээн ярив.