Н.Нарангэрэл: Хэзээ нэг өдөр би цалин авч, хэн нэгний амьдралд тус болно

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 02 сарын 06

Идэр есийн хүйтэн тачигнасан өдрүүдэд салхи сийгэсэн байшинд бага насны гурван хүүхэдтэйгээ ядруухан амьдарч буй н.Нарангэрэл бүсгүйн талаарх мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж, олны анхаарлыг татсан. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны хэсгийн цагдаа н.Нарангэрэлийн гэр бүлд хүнсний зүйл, нүүрсээр туслан тэдний амьдралын талаар нийтэлсэн нь ийнхүү олны анхаарлын төвд орсон юм. Тэр хэрээр байшинг нь шинэчлэн барих хөдөлгөөн өрнөсөн бөгөөд “Утаатны эсрэг ээж аавууд” группын гишүүд хандив цуглуулан байшинг нь засварлаж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Группын гишүүд гурван сая төгрөгийн хандив цуглуулсан бөгөөд дөрөв хоногийн хугацаанд байшинг нь шинэчлэн засварласан байна. Энэ хугацаанд н.Нарангэрэлийг хоёр хүүхдийнх нь хамт зочид буудалд байрлуулжээ. Харин дунд охин нь Говь-Алтай аймагт байх өвөөгийндөө очихоор явсан байна.

Цементэн шалнаас нь хүйтэн салхи жиндүүлж, гялгар цаасаар битүүлсэн цонхоор  жавар тачигнан, галаа өрдсөн ч гэр нь дулаацдаггүй, хүйт даасан байшин хамар нь халцарсан зуны пүүз, нимгэн хувцастай хүүхдүүд амьдарч байсан юм. Нөхрөө алдсаны дараа зам тээврийн осолд орж, толгойдоо өвчтэй болсон н.Нарангэрэл бүсгүй “Гурван хүүгээ 24 цагийн цэцэрлэгт өгчихвөл ажил хийгээд амьдралаа аваад явна” хэмээн нулимс дуслуулан ярьж байсан бол өнөөдөр энэ гэр бүл баяр хөөр, бусдын хайр энэрэлээр бялхаж байна.

Байшинг дулаалж, вакум цонх суурилуулан, шалыг паркеталжээ. Мөн төслийн зуух байрлуулан, хүүхдүүдийг галаас хамгаалах зорилгоор пийшингийн хамгаалалт төмрийг ч гагнасан байна. Сайхан сэтгэлт иргэд хөргөгч, угаалгын машин, хувцас хэрэглэл, тоглоом гээд айлд байж болох бүхнээр туслажээ. Хөргөгчөөрөө дүүрэн хүнстэй, гаднаа овоолсон нүүрстэй, хамгийн гол нь дулаан алдахгүй тохитой цэвэрхэн байшинтай боллоо.

Н.Нарангэрэлд байшингийнх нь түлхүүрийг хүлээлгэн өгөхөд “Баярласнаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Гэр маань үнэхээр сайхан болжээ. Хороо, хэсгийн эмч нар ч миний эрүүл мэндэд анхаарахаа хэлсэн. Толгойгоо үзүүлж, эмчлүүлээд, хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд санаа амар ажил хийх боломж надад олдлоо. Би хичээж явна аа. Хэзээ нэг өдөр би олсон цалингаараа бас нэгэн хүний амьдралд нөлөөлж, та бүхэнтэй нэгдэнэ” гэсэн юм.

Н.Нарангэрэлийн том охин дөрөвдүгээр анги. Нэг ч удаа хичээл тасалж байгаагүй, бас даалгавраа хийлгүйгээр өнжиж байсан удаагүй хичээнгүй сурагч юм байна. Түүнд зориулан бэлдсэн гүнжүүдийн зурагтай сурагчийн ширээ хамгийн их таалагдаж байлаа. Харин гурван настай бага хүү нь шинэчлэгдсэн бүхнийг шохоорхон, ээждээ гайхуулан хөөрч байсан юм.

Алаг үрсээ тэврээд уйлаад суух нэг өдөр байхад, ард түмнээрээ дэмнүүлээд босоод ирэх бас нэг өдөр байдгийг сайхан сэтгэлт залуусын зүтгэл, хөдөлмөр харууллаа. Өөрийнх нь хэлсэнчлэн н.Нарангэрэл ажил хөдөлмөр эрхэлж, олны дунд бужигнан, орон гэрээ илүү сайхан арчлан, өөдлөн дэвжээх биз ээ.