Лондоны жолооч нар 2017 онд 74 цагийг зам дээр түгжирч өнгөрөөжээ

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 02 сарын 08

Европын холбооны хотуудын жолооч нар 2017 онд бүтэн гурван өдрийг замын түгжрэлд өнгөрөөсөн талаар сонирхолтой судалгаа гарчээ. Тухайлбал, Лондон хотын машинтай хүмүүс 2017 онд 74 цагийг замын түгжрээнд зарцуулсан нь Европын холбооны бусад хотуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна. Үүнийг хоногоор тооцвол иргэд бүтэн гурван өдрийг замын түгжрээнд сул зогсч өнгөрөөсөн гэсэн үг.

Хамгийн их замын түгжрэлтэй хотуудын тоонд Лондон, Манчестер, Бирмингем, Лутон болон Эдинбург зэрэг хотууд багтжээ. Лондонд машин барьдаг хүн жилд дунджаар 1000 гаруй еврогийн шатахууныг замын түгжрээнд зарцуулдаг байна. Өнгөрсөн жил л гэхэд Их Британийн жолооч нар оргил цагийн замын түгжрээнд дунджаар 31 цагийг алдсан байх юм. Мөн Оросын Москвагийн иргэд замын түгжрэлд маш их цаг зав, мөнгөө зардаг болохыг онцолж байна.

Францын Парис хотын жолооч нар өнгөрсөн онд замын түгжрэлд 69 цагийг зарцуулсан байна. Харин Швейцарийн Женев хотын жолооч нар 52 цагийг, Цюрих хотын жолооч нар 51 цагийг тус тус замын түгжрэлд зарцуулсан байна.

Харин Монголчууд хэдэн цагийн зам дээр өнгөрүүлсэн бол?