С.Бямбацогт: УИХ-ын хариуцлагагүй алдааг засаж байна

Улс төр / Time Admin
2018 оны 02 сарын 08

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн билээ.

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар хэлэлцэж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлачихлаа гэдэг мэдээлэл их явж байна. Аливаа асуудалд бодитой хандмаар байна. 

Өнгөрсөн УИХ-ын үед Батлан хамгаалахын багц хуулиудыг баталсан. Эцсийн хэлэлцүүлгийг энэ УИХ-ын үед буюу 2016 оны 9 сард хийсэн. Энэ хуулийн 12.1 заалтаар Ерөнхийлөгч буюу зэвсэгт хүчний ерөнхий командлагч өөртөө зориулж хууль баталдаг ийм эрхтэй болгочихсон байсан. Үүнийг Ерөнхийлөгч хийгээгүй УИХ баталсан. Тухайн үед УИХ хариуцлагагүй хандсан. Ийм заалтыг өөрчлөх ёстой засах ёстой гэсэн байдлаар цэц дүгнэлт гаргасан.

Хууль санаачлах эрхтэй 78 субьект байгаа. 76 гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар. Харин хуулийг Үндсэн хуульд зааснаар УИХ төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрхийг гагцхүү УИХ-д хадгална гээд заасан байдаг. Гэтэл одоо энэ рүү халдаад Ерөнхийлөгч хууль тогтоож болно, өөртөө зориулж хууль гаргаж болно гэдэг хуулийг бид нар хийчихсэн байсан. Энэ алдааг л засаж байгаа асуудал" хэмээн байр сууриа илэрхийллээ.