Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Улс төр / Time Admin
2018 оны 02 сарын 08

УИХ-ын чуулганы хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүйн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, үнэлгээний тайланг Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 20 дахь удаагийн жилийн ээлжит хурлаар баталжээ. Дээрх хурлаар Монгол Улсад 2018 оны 10 дугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж өгч, тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосноос гадна УИХ-ын 2016 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-д Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгажээ. Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын “зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсхүл “зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх аж.

Иймд хууль өөрөө цаг үе, нийгмийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна.

Хууль санаачлагч үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагааг хуулийн үйлчлэх хүрээнд хамааруулах, мэдээлэх үүрэгтэй этгээдийн хүрээг өргөжүүлэх, хөрөнгийн эцсийн өмчлөгчийг тогтоох, эрсдэлд суурилсан үнэлгээ хийх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, Санхүүгийн мэдээллийн албаны эрх зүйн байдал, үйл ажиллагааны чадамжийг бэхжүүлэх, Үндэсний зөвлөл ажиллуулах, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтууд ч туссан байна.

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн талаар УИХ-ын гишүүнН.Оюундарь танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийг төрийн байгууллагууд олон нийтэд таниулах болон мэдээлдэг байх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нар хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, мөнгө угаахтай холбогдох гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох, банкны үйл ажиллагаанд хяналт тавих, сэжигтэй гүйлгээ хийсэн этгээдэд хариуцлага тооцох зэрэг саналуудыг хэлжээ.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, хууль батлагдсанаар ямар үр дүн гарах, хуулийг хэрэгжүүлэх байгууллага байгуулж шинээр зардал үүсэх эсэх талаар лавласан.

Ажлын хэсгээс хариулснаар, хуулийн төсөл батлагдсанаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжид хууль тогтоомжийг нийцүүлэх, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх олон улсын хориг арга хэмжээ, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж. Хууль бус мөнгө угаасан шинжтэй гэмт хэргийн талаарх мэдээллийг 140 гаруй оронтой харилцан солилцож, хамтран ажиллах боломж бий болох юм байна.

Хуулийг хэрэгжүүлэх шинэ орон тоо бий болж, шинэ зардал бий болохгүй бөгөөд Засгийн газар, хууль сахиулах байгууллага, Монголбанкны оролцоотой салбар дундын үйл ажиллагааг зохицуулах орон тооны бус зөвлөл ажиллах аж.

Гишүүд асууж, үг хэлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.