Цахимаар өмчилсөн газраа нэг ч иргэн ашиглаагүй байна

Нийслэл / Time Admin
2018 оны 02 сарын 08

Иргэдэд газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 2-р ээлж  эхлэхэд бэлэн боллоо

Нийслэлээс цахим газар өмчлөлийн сугалааг таван удаа зохион байгуулж нийт 70 мянган иргэнд газар өмчлүүлсэн. Өнөөдрийн байдлаар газар өмчилсөн иргэдээс  47 мянга гаруй иргэн өмчилсөн газраа тэмдэгжүүлэн орхисон байгаа бол 22370 иргэн газар өмчлөлөө захиран зарцуулах эрхийг өөрийн хүсэлтээр хэрэгжүүлэх боломжгүй буюу 18 нас хүрээгүй иргэд байна. Иргэн нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлөх эрхтэй. Гэтэл шууд сугалаагаар аав ээжийнх нь хүсэлтээр газар өмчлүүлж байгаа нь учир дутагдалтай байгаа тухай албаныхан ярьж байна. 

Түүнчлэн хамгийн том асуудал нь иргэд өмчилсөн газраа ашиглах боломжгүй байгаа талаарх шүүмжлэл сүүлийн үед өрнөх болсон. Учир нь 44 байршилд газар олгосны 36 байршил нь автозамаас хол, ямар нэгэн цахилгааны эх үүсвэргүй, дэд бүтэц хангалтгүй газар байгаа юм. 

Хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газар иргэнд өмчлүүлэх газрын байршлыг тогтоохдоо дэд бүтцээр хангах, авто зам болон цахилгаан эрчим хүчээр хангах, ундны усыг хаанаас татах гэх мэтчилэн асуудлыг тодорхой төлөвлөгөө тооцоогүй орхигдуулжээ. Үүний тод жишээ нь СХД-ийн 23-р хороонд харьяалагдах Өндөрхаан уулын амнаас эртний булш гарч ирсэн бөгөөд  Соёлын өвийн газар болон ШУА-аас шалгалт хийж 50 гаруй эртний булш байгаа учир энэ газарт иргэдийг суурьшуулж болохгүй гэсэн албан тоот газрын албанд хүргүүлжээ. Ингээд тус аманд газар өмчилсөн 376 иргэнийг Бурхантын ам руу шилжүүлэх ажил өдгөө хийгдэж байгаа юм.