Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 2 дугаар сарын 9, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
2018 оны 02 сарын 09

1. Цахимаар өмчилсөн газраа нэг ч иргэн ашиглаагүй байна

Нийслэлээс цахим газар өмчлөлийн сугалааг таван удаа зохион байгуулж нийт 70 мянган иргэнд газар өмчлүүлсэн. Өнөөдрийн байдлаар газар өмчилсөн иргэдээс  47 мянга гаруй иргэн өмчилсөн газраа тэмдэгжүүлэн орхисон байгаа бол 22370 иргэн газар өмчлөлөө захиран зарцуулах эрхийг өөрийн хүсэлтээр хэрэгжүүлэх боломжгүй буюу 18 нас хүрээгүй иргэд байна. [Time.mn]

2. Сүүлийн таван жилд гэмт хэргийн улмаас 7354 хүүхэд хохирчээ

Сүүлийн таван жилд хүүхдийн эсрэг 32 төрлийн 7242 гэмт хэрэг гарч, эдгээр гэмт хэргийн улмаас нийт 7354 хүүхэд хохирчээ. Манай улсад 2013-2017 онд насанд хүрээгүй хүмүүсээс 5150 гэмт хэрэг үйлдсэний 37 хувийг хөнгөн, 49 хувийг хүндэвтэр, 13 хувийг хүнд, 1 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж байна. Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн тоон мэдээллээс харахад Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудад гэмт хэргийн тоо өссөн, Дархан-Уул, Дорноговь аймаг өөрчлөлтгүй, бусад аймагт буурсан үзүүлэлттэй байна гэж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс мэдээллээ. [Gogo.mn]

3. Олимпийн тосгонд Монгол Улсын туг өргөх ёслол болжээ

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын тамирчдын тосгон нээлтээ хийжээ. Олимпод оролцогч орон тус бүр тамирчдын тосгоны туг өргөх ёслол зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд Ямайк, Бразил, Рум, Белги улс тугаа өргөсөн байна. Харин өчигдөр 15:00 цагт Монгол Улсын баг тамирчдын туг өргөх ёслол болоход Монголын баг тамирчдаас гадна ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, БНСУ-д суугаа Элчид сайд Б.Ганболд нар энэ ёслолд оролцсон байна. [Eagle.mn]

4. Ченжүүдээс хурааж авсан 150 утасны 40 нь хулгайн утас байсан гэв

Халаасны хулгайтай тэмцэх ажлын хүрээнд гар утасны гурван ченжээс 150 утас хурааж шалгахад 40 нь хулгайн утас болох нь тогтоогдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, тэдгээр хулгайч нараас 200 мянган төгрөгөөр худалдаж авсан утсаа бага зэрэг сайжруулаад 700, 800 мянган төгрөгөөр эргүүлэн зардаг болох нь тогтоогджээ. Тиймээс иргэдэд ченжээс утас авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. [Medee.mn]

5. “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн гарч байна

Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ховор үзмэрүүдээр “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнг гаргаж, өчигдөр нээлтээ хийлээ. Тус музей өөрийн сан хөмрөг дэх үзмэрээс үзэгч олонд толилуулдаг уламжлал ёсоор энэ удаа Монголын олон газар нутгийн уран дархчуулын ухаан, нүд, гарын ураар бүтээсэн үе үеийн 170 гаруй үзмэрийг дээжлэн дэлгэн тавьжээ. [Montsame.mn] 

6. Лондоны жолооч нар 2017 онд 74 цагийг зам дээр түгжирч өнгөрөөжээ

Европын холбооны хотуудын жолооч нар 2017 онд бүтэн гурван өдрийг замын түгжрэлд өнгөрөөсөн талаар сонирхолтой судалгаа гарчээ. Тухайлбал, Лондон хотын машинтай хүмүүс 2017 онд 74 цагийг замын түгжрээнд зарцуулсан нь Европын холбооны бусад хотуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна. Үүнийг хоногоор тооцвол иргэд бүтэн гурван өдрийг замын түгжрээнд сул зогсч өнгөрөөсөн гэсэн үг. [Time.mn]

7. Францад машинаа түр зогсоох үедээ ч гар утас хориглов

Францад машинаа түр зогсоосон үед ч гар утас хэрэглэж буй хүнд машин жолоодох эрхийг нь хасах хүртэл шийтгэл ногдуулж болзошгүй болсон тухай Францын “Ле Фигаро” сонинд мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.Тус улсын дээд шүүхээс энэ оны хоёрдугаар сард нэвтрүүлсэн шинэ журмын дагуу жолооч машин барьж байх үедээ төдийгүй машинаа түр унтраасан байх үедээ ч гар утас ашигласан тохиолпдолд шийтгэл хүлээхээр болжээ. Зөвхөн машинаа тусгай зогсоолд тавьсан үед л гар утас ашиглахыг зөвшөөрөх юм байна. [Montsame.mn] 

8. Ким Чен Унд армийнхан нь хүндэтгэл үзүүлжээ

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо өнөөдөр 23 дахь өвлийн олимп хөшгөө нээх билээ. Олимпийн өмнөх өдөр Хойд Солонгос улс нийслэл Пхеньян хотноо цэргийн сүрт жагсаал зохион байгуулсан юм. Энэхүү цэргийн жагсаалд 20 мянга гаруй цэргийн алба оролцож, олон мянган хүн үзсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. [Shuud.mn]

9. “Tesla” компани 3.3 тэрбум ам.долларын орлоготой ажиллав

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани IV улиралд 3.3 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна. Ийнхүү тус компанийн санхүүгийн үзүүлэлт шинжээчдийн таамгаас давснаар хамгийн сүүлд гаргасан “Model 3” загварын автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ашигт ажиллагаагаа сайжруулах боломжтой болж байгаа юм. [bloombergtv.mn]

10. Нээлт, хаалтын ёслол болох цэнгэлдэхийг олимпийн дараа нураана

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын нээлт, хаалтын ёслол явагдах цэнгэлдэх хүрээлэнг олимпийн дараа буулгахаар болжээ. Оронд нь музей болон өөр барилгууд барих юм байна. 35 000 хүний суудалтай уг цэнгэлдэх хүрээлэнг нээлт хаалтын ёслолд зориулан 105 сая ам.долларын өртгөөр барьсан юм. [Eagle.mn]