Технологийн хөгжлийг дагаад ойрын 5 жилд дата төвүүдийн хэрэгцээ, шаардлага эрс нэмэгдэнэ

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 02 сарын 09

Apple компанийн Хятад дахь Дата төвийн барилгын ажил Өвөрмонголын Гуйчжоу мужид энэ оны сүүлээр эхэлж, 2020 онд нээгдэх төлөвлөгөөтэй байгаа талаар Шиньхуа агентлаг мэдээлжээ. 

Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай тус дата төв 67 га газрыг хамрах бөгөөд Хятадын эх газрыг үүлэн технологиор хангах юм. Ирэх хоёрдугаар сарын 28-аас Хятадын эх газар дахь үүлэн технологийн үйлчилгээг орон нутгийн “Guizhou-Cloud Big Data Industry” компани хариуцан ажиллана. Харин дата төв ашиглалтанд орох хүртэл тус компани Хятадын үүрэн телефоны гурван том компанийн серверийг түрээслэн үүлэн технологийн үйлчилгээг үзүүлэх ажээ.

Технологийн томоохон компаниудын дата төвүүд АНУ-д байрладаг. Компаниудын дата төвүүдийн байршлыг дагаад интернэт хэрэглэгчдийн ашиглаж буй мэдээллийн урсгалын зардал АНУ руу явдаг. Тэгэхээр сүүлийн үед Азийн томоохон улс орнууд гадагшаа гарч буй мэдээллийн урсгалын зардлаа хэмнэх үүднээс дотооддоо интернэт контентуудыг хөгжүүлэх эсвэл мэдээлэл дамжуулах дата төвүүдийг улс орондоо байгуулах болжээ.

Тиймээс БНХАУ Өвөрмонголыг дата хөгжүүлэх бүсээр 2016 онд нэрлэгдсэн. Тэр дундаа Гуйчжоу муж нь уур амьсгалын онцлог, эрчим хүчний нийлүүлэлт, сүлжээний дэд бүтэц сайн хөгжсөн гэдэг утгаараа дата төвийг бий болгоход тохиромжтой бүс нутаг гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын хувьд, хүйтэн, сэрүүн уур амьсгалтай, газар хөдлөлтийн аюулгүй бүс нутаг гэдэг утгаараа энэ төрлийн дата төвүүдийг байгуулахад тохиромжтой гэж үздэг. Гэхдээ 3 сая иргэдийнхээ мэдээллийг дотооддоо хадгалж үлдэх хэрэгцээ шаардлагын үүднээс харвал Apple, Google, Facebook зэрэг томоохон интернэтийн компаниуд дата төвүүдээ байршуулах магадлал багатай гэдгийг Юнител группийн мэдээллийн аюулгүй байдал хариуцсан менежер П.Энхсайхан хэлсэн. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос гаргасан статистик мэдээллээс харвал, 2016 оны эхний хагас жилийн байдлаар, манай улсад 259 мянган интернэт хэрэглэгч байдаг бол 2.4 сая үүрэн холбооны дата хэрэглэгч байдаг.

Гэхдээ Apple компанийн ӨвөрМонголд байгуулах гэж байгаа шиг мэдээлэл дамжуулах зориулалттай дундын дата төвүүдээс гадна серверийн зориулалттай дата төвүүд байдаг. Тухайлбал Монголд томоохон интернэтийн үйлчилгээ үзүүлдэг оператор команиудад энэ төрлийн дата төв байдаг бол банк, санхүүгийн байгууллагууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хадгалах үүднээс дата төвүүдтэй байдаг юм.

Харин ойрын 5 жилд мэдээлэл, технологийн хурдацтай хөгжлийг дагаад видео дуудлага хийх, их хэмжээний файл, зураг, дата мэдээлэл солилцоход хоцрогдолгүй, нягтрал сайтай, ачаалалгүй байх зэрэг интернэт хэрэглэгчдийн шаардлагыг дагаад дата төвүүдийн хэрэгцээ эрс нэмэгдэнэ гэдгийг мэдээлэл, технологийн мэргэжилтнүүд хэлж байгаа юм.